“Эрчим хүчний салбарт 60-70 жил ашиглаж байгаа, хуучирсан тоног төхөөрөмж эхнээсээ жагсаалтаас гарч байна. “Болохоо болилоо шүү” гэдэг дуу хоолойгоо хүмүүст хүргээд эхэлсэн. Энд ажиллаж байгаа 17 мянган хүнээ хамгаалж чадахгүй байна. Энэ салбарт хөрөнгө оруулалт оруулах ёстой. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангамаар байна” хэмээн “Ажилчдаа сонсъё” эрчим хүчний салбарын II зөвлөгөөнд оролцогчид хэллээ.
“Эрчим хүчний салбарын ажилтнуудын II зөвлөгөөн-2025” “Ажилтнаа сонсъё” уриан дор Үйлдвэрчний эвлэлийн соёлын төвд өнөөдөр болж байна. Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн салбарынхан энд чуулж байгаа юм.
Зөвлөгөөнийг нээж Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж үг хэллээ.
-Эрчим хүчний салбарын ажилтнуудын зөвлөгөөнд 20 аймгаас 150 төлөөлөгч оролцож байна. Та бүхний мэдлэг, чадвар, уйгагүй зүтгэлээр манай улс өдөр бүр эрчим хүчээр хангагдаж, тайван амьдарч байдаг. Бид 2 жилийн өмнө салбарынхаа өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, ажилтанд ээлтэй, аюулгүй ажиллагаатай болгох зорилготой анхдугаар зөвлөгөөнөө хийж байлаа. Өнөөдөр “Ажилтнаа сонсъё” гэж уриалж, шаардахаар цуглаж байна. Нийгмийн түншлэл гэдгийг утгаар нь хөгжүүлсэн Сингапур улс төр, засагтайгаа хамтран ажиллах загвар баримталдаг. Гурван тал хамтран бодлого боловсруулж, аливаа асуудлыг шийдвэрлэх аргыг хэлж байна. Өнөөдөр бид хамтдаа арга, гарцаа олж төр, засагт хүргэх болно гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:
-Эрчим хүчний салбарт өнөөдөр болохгүй бүтэхгүй зүйл их байна. Эрчим хүчний эх үүсвэр, хэрэглэгч хоёрын хооронд төр өөрөө лаглайгаад суучихсан. Ийм жишгээр 24 жил явж ирлээ. Гэтэл 3000 мВт-тын цахилгаан эрчим хүчний хэрэгцээ байна. Гэтэл “Уучлаарай, цахилгаан зарахгүй ээ” гээд сууж байна ш дээ. Үнэн чанартаа эрчим хүчний салбар өөрөө нийгэм, эдийн засгийн хөгжлийг боомилсон салбар болчихлоо. Хошин зургаар харах юм бол хуучирч муудсан машинаа мөрлөж түлхээд хөдөлгөж байгаа юм шиг байдалд орчихсон байна.
Ерөөсөө систем нь энэ. Энэ системээ өөрчлөлгүй 24 жил явчхаж. Тийм учраас Цахилгаан эрчим хүчний тухай хуулиар “Төр лаглайж суудаг байдлаа өөрчилье. Тэгж байж энэ салбар эдийн засгийн хувьд бие даана. Өрсөлдөөн үүснэ. Олон улсад шалгарсан системд шилжиж чадна. Манай хоёр хөрш хүртэл өнөөдөр өрсөлдөөнт салбар луу орсон. Гэтэл манайх орлогогүй, орлогоо нэмдэггүй байдалтай л байна.
Эрчим хүчний салбарт тавьсан төсөвт гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Эрчим хүчний салбарт тавьсан төсөв нь соёлын төсвөөс хэд дахин бага, замын салбарын төсвийн хаана ч хүрдэггүйг тэд хэллээ. Өнгөрсөн жил 200 тэрбум төгрөгийн төсөв тавьсан бол энэ жил 300 тэрбум болгосон байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-“Эрчим хүчний салбар ноцтой ослоороо хамгийн эрсдэлтэй салбар болсон. Тийм учраас яг ийм ноцтой зүйл дээр яам, тамгын удирдлагууд, салбарын сайд маань анхааралтай хандуулах ёстой. Чуулган дээр ч зөндөө хэлдэг. Салбарын хүн биш учраас Та бүрэн мэдэхгүй байж болно. Аюулгүй байдал, хүний амь настай холбоотой энэ асуудалд нухацтай байж, анхаараарай. Үүнийг шинэ шатанд гаргаад өгөөрэй. Өнөө маргаашгүй зогсож мэдэх хэдэн станцтай, аваарын байдалтай байгаа нь үнэн. Хэдэн хүн амиа алдах вэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байна.