Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалдаг эмч, сувилагч, асрагч, ажилтнууд үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байна. “Засгийн газар, УИХ-ын гишүүд, салбарын сайд онцгой анхаарал харуулахыг шаардаж байна” хэмээн эмч нарын жагсаалд оролцогчид хэлж байна. Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооноос уг жагсаалыг зохион байгуулав. Тэд өнөөдөр 21 аймаг, сумдад нэгэн зэрэг жагсаж, цалингаа 3.5 сая төгрөг хүргэхийг шаардлаа. Жагсаалд өрх, сумын эмнэлгээс авахуулаад аймаг, дүүрэг, улсын төв болон тусгай мэргэжлийн эмнэлгүүдийн 10.000 гаруй эмч, ажилчид оролцож байна.
Эмч, ажилчдын сарын цалин 1 сая төгрөгөөс эхэлдэг юм байна. Туслах ажилчид “Ийм цалингаар амьдрах аргагүй боллоо” гэв. “Цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлнэ. Хүлээж авахгүй бол дараагийн арга хэмжээнд орно” гэдгээ жагсагчид илэрхийллээ.

Улсын II төв эмнэлгээс 50 гаруй төлөөлөл уг жагсаалд иржээ.
Эмнэлгийн туслах ажилтан: Би Эмгэг судлалын тасагт туслах ажилтан хийдэг. Бурхан болоочдыг гаргаж, үдэж өгөх ажлыг хариуцдаг. Шөнө дөлөөр л ихэвчлэн ажиллана. Зээлээс зээлийн хооронд ажиллаж, амьдарч байна.
Залуу эмч нарын төлөөлөл: Би залуу эмч нараа төлөөлж ирсэн. Сарын цалин 1.5 сая. Татвараа төлөөд, хоёр хувааж авахад нэг удаад 700 орчим мянган төгрөг ирдэг. Үүнийгээ хаанаа зарцуулах билээ. Хүүхдээ харна. Хажуугаар нь ажиллахад үнэхээр хүрэхгүй байна.