Олон Улсын “EMS Global Foundation” байгууллага, Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Амилуулах суурь болон лавшруулах тусламж” сэдэвт сургалтад Онцгой байдлын байгууллагын эмч, аврагч, гал сөнөөгчид хамрагдаж байна.
Австрали Улсын “EMS Global” олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Канад, Англи, Австралийн парамедикийн 7 сургагч багш нар удирдан зохион байгуулж байгаа тус сургалтад нийслэлийн Түргэн тусламжийн төв болон ОБЕГ, Цэргийн анги, орон нутгийн нийт 80 орчим ажилтан, алба хаагч оролцож байгаа юм.
Сургалтаар амьсгалын зам чөлөөлөх, амьсгалуулах үндсэн ба орчин үеийн дэвшилтэд аргууд, цус алдалтыг боолтоор хянах, шархны боолт хийх арга техник, аарцгийн бэхэлгээ хийх, чихэлдэлт пневмотораксын цээжний хөндийн даралт бууруулах арга техник сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, дадлагын дууриалган үзүүлэх хэлбэрээр зохион байгуулж, онолын мэдлэг, практикийн ур чадвараа өсгөж байна.