horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Малын эмийг хорт хавдар, бүх өвчин анагаадаг хэмээн хүмүүст заржээ

post-img

Иргэн Н нэгэн танилаасаа малын гэгдэх “АСД-2Ф” эмийг 150 мянган төгрөгөөр худалдан авч, гурван сар уужээ. Түүний хувьд өөрөө аваад зогсохгүй өөр нэг танилдаа авч, хоёул хамт уусан байна. Гэтэл танилынх нь ходоодны шарх сэдэрч, ходоод маш их өвдөх болсон тул эмнэлэгт очжээ. Эмч түүнийг үл мэдэгдэх химийн бодист хордсон хэмээн оношилжээ.

ИРГЭН: МАЛЫН ЭМ ГЭДГИЙГ НЬ МЭДЭЭГҮЙ, ГУРВАН САР УУХАД БИЕЭР ИДЭЭТ ТУУРАЛТ ГАРЧ ЭХЭЛСЭН

Тэр “АСД-2Ф” эмийг ууснаа эмчид хэлээгүй байна. Ингээд хор тайлах эмчилгээ хийлгэснээр өвчний шинж тэмдэг багасжээ. Энэ явдал орон нутагт гарсан бөгөөд малын эм уусан гэх иргэн Н-ээс болсон явдлын талаар тодруулахад “Тухайн эм их хурц үнэртэй, бас савлагаа нь их сонин байсан. Танил маань “АСД-2Ф” эмийг бидэнд борлуулахдаа “Бүх төрлийн өвчин анагаадаг. Хорт хавдартай хүн хүртэл энэ эмийг уудаг. Маш сайн” гэж хэлсэн. Миний хувьд нойргүйддэг, үе үе ханиад хүрчихдэг учир итгээд худалдаж авсан. Ингээд 100 грамм усанд нэг амны халбага эм хийн шингэлж, өдөрт гурван удаа уусан. Хэсэг хугацааны дараа бие загатнаж, их хэмжээний тууралт гарсан. Цаашлаад тууралт нь идээтэй болж эхэлсэн. Тийм учраас хотод ирж “Хаппи веритас” эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд их хэмжээний хордлого илэрсэн. Мөн цус маш их бохирдсон байсан. Элэг, цөс өөрчлөлттэй болчихсон байсан. Тэр дундаа элэг хороо шүүж чадахгүй байна гэж эмч хэлсэн. “Нэг л болохгүй зүйл хэрэглэсэн байна. Юу уусан юм бэ” гэж эмч асуухад нь би “АСД-2ф” эмийг ууснаа хэлсэн. Надад хордлого тайлах, харшил намдаах, тууралт багасгах олон тариа, эм бичиж өгсөн. Ингээд нутагтаа ирж, хотод хийлгэсэн шинжилгээгээ эмчдээ үзүүлсэн, эмнэлэгт хэвтсэн. Одоогоор эмнэлэгт хор тайлах эмчилгээ хийлгэж байна” гэлээ.

Ж.АМАРСАНАА: МАЛЫН ЭМ УУСАН ГЭХ ИРГЭН ХОРДСОН БАЙСАН

Иргэн Н-ээс гадна “АСД-2Ф” эмийг 5-6 хүн уусан. Эдгээр хүнд мөн адил гаж, сөрөг нөлөө илэрчээ. Тэд мөн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэжээ. 

Тэгвэл эдгээр хүний уусан эм эрүүл мэндэд нь ямар хохирол учруулсан талаар “Хаппи веритас” эмнэлгийн зөвлөх эмч Ж.Амарсайханаас тодруулахад “Иргэн Н-ийн хувьд маш их хордлоготой байсан. Учир нь мал ариутгахад ашигладаг байж болзошгүй гэмээр бор өнгөтэй шингэн зүйл уусан байсан. Улмаар элэг, цөсөнд нь өөрчлөлт орсон. Тухайн эмийг судалж үзэхэд, малд уулгадаг туулга шиг бэлдмэл байна лээ. Хүмүүс ам дамжсан яриагаар сайн гэсэн болгоныг хэрэглэх нь олон эрсдэл дагуулж байгаагийн нэгэн жишээ энэ. Иргэн Н-д тухайн малын эмийг борлуулахдаа “Бүх өвчинд сайн” гэж хэлсэн учраас авч хэрэглэсэн байгаа юм” хэмээв.

ХҮНД ХЭРЭГЛЭДЭГ МАЛЫН ЭМ ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ

“АСД 2Ф” эм нь Монгол Улсад бүртгэлтэй. Малын 1000 эмийн жагсаалтад байдаг. Энэ эмийг зөвхөн малд хэрэглэнэ. Харин хүнд хэрэглэх нь хориотой. Ер нь малын эм дотор малд ч, хүнд ч хэрэглэдэг эм гэж огт байхгүй. Малын эмийг зөвхөн малд хэрэглэх ёстой гэдгийг Мал эмнэлгийн ерөнхий газар мэдээллээ.

“АСД-2Ф” , “АСД-3Ф” эмийг ОХУ-д “НВЦ агроветзашита” компанид үйлдвэрлэж, Монгол Улсад “Эй би би” ХХК импортолдог хэмээн бүртгэжээ. 2014, 2023 онд хүмүүс дур мэдэн эдгээр эмийг ууж байв. Улмаар тухайн үеийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уг эмийн талаар сэрэмжлүүлэг гаргаж байжээ. Сэрэмжлүүлэгт “АСД-2Ф”, “АСД-3Ф” нь малд зориулсан эм. Үүнийг судалж, шинжлээд хүн эмнэлгийн бус мал эмнэлгийн хэрэгцээнд зориулан гаргасныг дурджээ.

Иймд “АСД-2Ф”, “АСД-3Ф” эмийг хүнд дур мэдэн хэрэглэхгүй байх ёстой. Аливаа эм, бэлдмэл гаж, дагалдах сөрөг нөлөөтэй. Энэ нь эмийг хэрэглэсэн үед эсвэл хэсэг хугацааны дараа хүний биед илэрч болох талтай” хэмээн анхааруулжээ. 

“АСД-2 Ф” эмийг нохой болон таван хошуу малд урьдчилан сэргийлэх зорилгоор, хоол боловсруулах замын өвчний үед, амьсгалын зам, арьсны гэмтэл, бодисын солилцооны өөрчлөлт, төв мэдрэлийн системийг дэмжих, дархлаа сайжруулах зорилгоор хэрэглэдэг байна. Гэтэл монголчуудын дунд хавдар өвчин түгээмэл байдагт зарим хүн дөрөөлж, олны эрүүл мэндээр бизнес хийж байгаа нь энэ.

0/1000