horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хэвлэлийн хурлаар биш, хэлэлцээний ширээний ард асуудлаа яриагүйгээс болж, багш нар ажил хаялаа

post-img

Багш нар өнөөдрөөс эхлэн ажил хаяж байна. Улс орон даяар суурь боловсрол олгодог төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн бүх багш нар цалингаа “3,5 саяд хүргэ” гэж шаардан, ажил хаялаа. Тэдний ажил хаялтыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо зохион байгуулж байгаа юм. Багш нарын цалинг нэмэх асуудлыг Засгийн газар “Эдийн засаг хүнд байгаа. Мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар биелүүлэх бололцоогүйг мэдэгдэж байсан ч өчигдөр хуралдаж, 20 хувиар нэмэх санал оруулжээ.

Өмнө нь багш нарын урамшууллыг нэмэхэд 100 тэрбум төгрөг зарцуулах боломжтойг дурдсан нь 25 хувийн нэмэгдэлтэй тэнцэнэ хэмээн тодотгож байв. Нийлээд 45 хувийн нэмэгдэл болно. “Эдийн засаг хүнд байхад эхний ээлжинд багш нарын цалинг 45 хувиар нэмэх нь тохиролцох үндэслэл болж болохгүй гэж үү?” гэсэн асуулт үүсэж байгаа юм.

Гэвч энэ асуултыг МҮЭХ-ноос Засгийн газар албан ёсоор асуугаагүй гэнэ. Өчигдөр Засгийн газраас МҮЭХ-ны Багш боловсролын салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзаж, хэлэлцээ хийх зорилготой байсан ч УИХ-ын гишүүн  Ц.Мөнхтуяа тэргүүтэй албан бус төлөөлөл уулзалтад байлцсан гэдэг шалтгаанаар МҮЭХ-ны төлөөлөгчид Төрийн ордныг хаяж гарсан билээ. Энэ шалтгаанаа “ЗГ албан ёсоор хэлэлцээний ширээний ард огт суугаагүй. Бид 3,5 сая төгрөгийн цалинг 2026 оны 1-р сараас олгож эхэл гэж ч тулган шаардаагүй. Багш нарын цалин, урамшууллыг хэлэлцээ хийж, шат дараалалтай нэмэх ямар бололцоо байгаа талаар хэлэлцээ өрнүүлэхийг хүсэж байгаа” хэмээн мэдэгдлээ.

Бодоод үзэхэд багш нарын урамшуулалд 100 тэрбумыг зарцуулж байна. Төрийн байгууллагуудын бүх төсвийг 10 хувиар танаж байж үндсэн цалинг 20 хувиар нэмэх шийдвэрээ Засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлав. Харин Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан багш нарын жагсаал гудамжнаас шууд хэвлэл мэдээллээр дамжин олон нийтэд хүрсэн байна. Хоорондоо тохиролцож, 3 талт хэлэлцээр хийдэг МҮЭХ, Засгийн газар хоорондоо хэлэлцээ хийх гэж огт оролдолгүй өнөөг хүрчээ.

Гэтэл Засгийн газрын хэвлэл мэдээллээр зарын чанартай зарлаад орхисон мэдэгдлүүд багш нарыг ажлаа хаяхаас сэргийлж чадсангүй. МҮЭХ-ны ажил хаях тухай өнөөдрийг хүртэлх удаа дараагийн мэдэгдэлд Засгийн газар, Боловсролын яам нэг ч удаа нухацтай хандаж, хэлэлцээр өрнүүлэхийг оролдолгүй өдийг хүрсэн байна. Төр, засгийн харилцан уялдаа холбоогүй, ажил хэрэгч биш, хэвлэлээр зарласан болоод өнгөрдөг хайнга хандлагаас болж, өнөөдөр цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд харах хүнгүй гэртээ цоожлогдож байгаа бол 830 гаруй мянган сурагч хичээл завсардахад хүрч, хохирч байна.

Монгол Улсын эдийн засгийн бодитой боломж багш нартаа 3,5 сая төгрөгийн цалин олгож чадахгүй. Улс орныхоо бодит нөхцөл байдлыг хэн хүнээс илүү мэдэж байгаа багш нартайгаа ширээний ард сууж, хүн ёсоор ярилцаж, хэлэлцээр хийж чадахгүй Боловсролын яамтай учраас өнөөдөр бид хүүхдүүдээ гэртээ цоожлоход хүрлээ. Ажил хаялт хэр удаан үргэлжлэхийг таахад бэрх.

0/1000