Зам, талбайд халтиргаа үүссэнээс скүүтер, мопедыг түрээслэх иргэд халтирч унах тохиолдол гарч байна. Харин түрээслэгч компанийн ажилтнууд одоогоор скүүтер, мопедыг үйлчилгээнээс татах чиглэл ирээгүй байгааг онцоллоо.
Сүхбаатарын талбай орчмоор алхах хүмүүс халтирч, унаж бүдчин алхана. Энэ нь өнөөдөр орж буй цаснаар зам талбай гөлийж, аль хэдийнэ халтиргаа үүссэнийг харуулж буй. Явган хүн алхахад хүртэл бэрхшээлтэй байхад хаа нэгтээ скүүтер, мопед унасан хүмүүс олон байв. Цас орж, зам талбайд халтиргаа үүссэн энэ үед скүүтер, мопед ямар эрсдэл дагуулж байгаа талаар сурвалжиллаа.

14-17 насны хүүхдүүд Сүхбаатарын талбай орчимд мопедтой хурдлан, унасан ч тоосон шинжгүй босон давхин байхад ажилдаа яарч буй зарим хүн мопедтойгоо халтирч унаад, зарим нь модедоо орхин явж байлаа.
Нийслэл хот өнгөө засан, өвлийн төрхөндөө орсон ч нийслэлчүүдийн халтиргаа, түгжрэлтэй өглөө ингэж эхэлнэ.
“Скүүтер, мопедтой халтирч унаад байна. Хураая!
Өнөөдрийн хувьд мопед унахад илүү эрсдэл гарч мэдэхээр байгааг иргэд хэлж байна. “Маш их халтиргаатай байна. Мопедтой явж болохгүй байна. Унаад 500 метр явахад л хэд хэд халтирлаа” гэж нэгэн залуу хэлсэн бол “Түгжрэлтэй байгаа тул ажилдаа хурдан очих гээд мопед унасан ч халтирч байна. Маш аюултай. Мопед унахад тохиромжгүй байна. Иймд болгоомжтой зорчоорой гэж хэлье” гэж өөр нэг нь сэрэмжлүүллээ. “Хаа нэгтээ мопептойгоо унаж байгаа тохиолдол байна. Мопедонд өвлийн дугуй гэж байхгүй. Тэгэхээр одоо хураасан нь дээр” гэж нэгэн зорчигч хэллээ.
Тэгвэл ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Түрээслэгч компаниудад хураах чиглэл хүргүүлэх гэж байна. Өнөөдрөөс хурааж эхлэх байх” гэв.

10 дугаар сарын 20-ноос скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээг зогсооно
Харин түрээслэгч компаниудын ажилчид “Одоогоор хураах чиглэл хараахан ирээгүй байгаа тул үйлчилгээнд явуулж байна” гэсэн юм. Журмандаа скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээг 4 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 20 хүртэл явуулахаар тусгажээ. Хураах хугацаа хараахан болоогүй байгаа тул үйлчилгээг зогсоохгүй бололтой.
Тиймээс иргэд эрсдэлийг тооцож, өөрсдөө аюулгүй байдлаа хангаж, хөдөлгөөнд оролцох шаардлагатай болж байгаа юм. Цастай үед байтугай цаг агаар хэвийн үед скүүтер, мопедтой холбоотой осол гэмтэл элбэг. Тухайлбал, 2025 оны эхний долоон сарын байдлаар 1566 хүн скүүтер, цахилгаан дугуй, мопед унах явцдаа гэмтсэн гэх статистикийг ГССҮТ гаргажээ. Тэгвэл цастай энэ өдрүүдэд скүүтер, мопед унах иргэд олширч, гэмтсэн иргэдийн тоог нэг биш, нэлээдгүй нэмж мэдэхээр байна. Иймд цас орж зам талбайд халтиргаа үүссэн энэ үед эрсдэлийг тооцож скүүтер, мопедыг хураах нь зүйтэй гэж иргэд үзэж байна.