horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Чойжилсүрэн: ОХУ-аас импортлодог цахилгааны шугам гэмтсэнээс тог тасалдлаа

post-img

Нийслэл төдийгүй хэд хэдэн аймагт нэгэн зэрэг цахилгаан тасалдсан асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Хот хөдөөгүй нэгэн зэрэг эрчим хүч тасалдлаа. Ямар шалтгаанаас болсон юм бол?

-Сая 14.00 цагийн үед ОХУ-аас эрчим хүч импортлодог 220 киловаттын хос хэлхээтэй шугам тасарсан. Одоо буцаагаад залгаж байна. 1 шугамаа залгачихсан. Одоо хэдэн минутын дараа хоёрдугаар шугамыг нь залгачихна. Тэгэхээр 200 орчим киловатт хэрэглээтэй хэрэглэгч нарын цахилгаан хязгаарлагдсан гэсэн үг л дээ. Систем хэвийн, ТЭЦ-ууд хэвийн ажиллаж байна.

-Энэ өвөл эрчим хүчний хангамж хэвийн горимоороо ажиллаж чадах уу?Цахилгаан дулаан ингээд тасалдаад байх юм биш биз дээ?

-Ер нь бол тасалдуулахгүйг хичээнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок удахгүй ашиглалтад орно. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбох бэлтгэл ажил хангагдаад явж байна. Холбогдох туршилтуудыг ч гэсэн хийж байна.

-Импортоор авдаг эрчим хүчээ хүртэл тасалдуулаад байхаар онцгой обьектууд тухайлбал эмнэлгүүд яах вэ гэдэг асуудал анхаарал татаж байна?

-Бүүр тог тасалдуулахгүй гэвэл бүх хэрэглэгчийг 2 ба түүнээс дээш эх үүсвэрт холбох шаардлага үүснэ шүү дээ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын нийт эрчим хүч хэрэглэгчдийн 95 орчим хувь нь 1 эх үүсвэрээс цахилгаанаа авч байна. Хэрэв эх үүсвэрт ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд цахилгаан хязгаарлагдана. Гэмтлийг засах хооронд ийм асуудлууд гарахыг үгүйсгэх арга байхгүй. Ойрын 10 жилдээ хэн ч байсан манай улсын нийт хэрэглэгчдийг 2 эх үүсвэртэй холбох боломж бололцоо алга. Энэ ажил хэдэн арван тэрбум долларын хөрөнгө оруулалтын зардалтай ажил шүү дээ.

-5-р цахилгаан станцын ажил ямархуу явцтай байна вэ?

-5-р цахилгаан станцын ажлыг нийслэл хариуцаж байгаа.

-3-р цахилгаан станцын гэмтлийг засах явц ямар байна вэ?

-3-р цахилгаан станцын дулаанаар хангах систем нь засагдаад дуусаж байгаа. Өнөө маргаашгүй хэвийн горимдоо орно. Цахилгаан хангамжид бол тус 45-50 мегаваттын дутагдал үүсэж байгаа. Энэ дутагдлыг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нөхнө. Шаардлага үүсвэл БНХАУ-аас 80 мегаватт хүртэл эрчим хүч импортлоно. Техникийн холболтуудыг нь хийчихсэн байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000