Дэлхийн ур чадварын байгууллагын 2025 оны ерөнхий ассамблэй 10 дугаар сарын 12-17-нд Хорват Улсын Дубровник хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн ерөнхий ассамблэйн шийдвэр нь Монгол Улсын боловсролын салбарын түүхэнд шинэ хуудсыг нээж байна. Учир нь 2027 оны ерөнхий ассамблэйг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэрийг гаргасан юм.
Мөн “WorldSkills General Assembly Dubrovnik 2025”-ын үеэр WSI-ийн үйл ажиллагааг тууштай дэмжиж, зорилго, үнэт зүйлтэй хамт байсан хувь хүн, байгууллагуудад “Талархлын гэрчилгээ” гардуулсан юм. Талархлын гэрчилгээг Монгол Улсын 3 байгууллага хүртлээ. Үүнд: Барилгын технологийн коллеж, “Эрдэнэт” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК багтсан юм.
“WorldSkills General Assembly Dubrovnik 2025”-аар дараах асуудлыг хэлэлцэж, WSI-ийн гишүүн 58 орон санал, өгч, олонхоороо дэмжив. Үүнд:
Дэлхийн ур чадварын байгууллагын 2035 он хүртэлх стратеги төлөвлөгөөг зарчмын хувьд дэмжиж баталлаа. Гишүүн улсуудын өгсөн саналтай холбоотой дахин сайжруулалт хийнэ гэдгийг онцоллоо.Дэлхийн ур чадварын уралдааны зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зохион байгуулагч орон нь WSI-ийн санал болгосон 8 хүртэлх төлөөлөгчийг Зохион байгуулах хороондоо авч ажиллуулна. Гишүүн улс бүр тухайн жилийн эцэст WSI-аас явуулах санал асуулгад заавал оролцдог байхаар үүрэг хариуцлагад тусгаж өгөхөөр боллоо.
Уралдааны хорооноос уралдааны даалгавруудыг орчуулахад хиймэл оюун ухааныг ашиглах танилцуулгыг хийж, гишүүн орнууд саналыг дэмжлээ. Мөн уралдааны дүрмийн 3.7, 3.7.6, 6.1.1, 6.1.3, 6.1.5, 6.6.5, 6.7.6, 6.8.3, 7.2.1, 10,12 дахь заалтуудад өөрчлөлт орууллаа.

Дэлхийн ур чадварын байгууллагад шинээр элсэх улс орнуудын татварыг бууруулах асуудлыг Удирдах зөвлөлийн түвшинд ярилцаж дэмжсэн байна.
Ур чадварын уралдааны эксперт багш нарт зориулсан “Хүндэт эксперт”-ийн шагналыг бий болгоно. Дараагийн хурлаар шалгуурыг тогтоож, 2026 оноос нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлнэ.

