Хуваарийн дагуу өчигдөр 10.00 цагт эхэлсэн УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдээгүйн улмаас шөнөжин хүлээгдэж, одоо ч эхэлж чадаагүй байна. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 55 гишүүний гаргасан Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх учиртай. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэх дүгнэлтийг гаргасан. Одоо чуулганы хуралдаанаар “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй” байнгын хорооны шийдвэрийг дэмжих үү гэдэг үндэслэлээр санал хураалгах процесоор үргэлжлэхийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа зарласан. Харин түүний энэ шийдлийг Үндсэн хууль зөрчиж санал хураалгах гэж буй гэдэг үндэслэлээр МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь тус хуралд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн юм. Харин АН-ын бүлгийн гишүүд ирцэндээ ороод гарчээ.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр 13.00 цагт дуусах учиртай.