Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 9-18-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөж байна.
Э.Содномпилжээ пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаа оролцож байна.

