horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ирсэн бол Х.Булгантуяа өөрөө оролцож байна

post-img

Ерөнхий сайдын үүсгэсэн маргааныг Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлын хуралдаанаар нээлттэй хэлэлцэж эхэллээ. Их суудлын хуралдаан 7-9 гишүүнтэй. Энэ удаад их суудал бүрэн бүрэлдэхүүнээрээ эл маргааныг хянан хэлэлцэхээр тогтжээ.

УИХ-ын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы 2025.10.17-ны нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ҮХЦ-д хандсан.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын ахлах референт Д.Төрбат, Хууль зүйн шинжлэх ухааны доктор Д.Лүндэндорж нар энэ хуралд ирсэн бол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа зөвлөх Д.Гантөгс, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нартай хамт өөрийн биеэр иржээ.

УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Б.Баярбаатар, С.Ганбаатар, М.Мандхай, Н.Номтойбаяр нар уг хуралдаанд оролцож байна.

Гэрчээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарыг дууджээ. Шинжээчээр хуульзүйн ухааны доктор О.Машбат ажиллаж байна.

ҮХЦ-ийн 9 гишүүнээс хуралдаанаас гаргах шаардлагатай гэж үзсэн хүн байгаа эсэхийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаас асуухад ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханыг гаргахыг шаардлаа. Ерөнхий сайдын үүсгэсэн маргаан О.Мөнхсайханд анх хуваарилагдсан байна. О.Мөнхсайхан уг маргаантай асуудлаар байр сууриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсэн, Г.Занданшатартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажил гүйцэтгэж байсан гэх үндэслэлийг Х.Булгантуяа гишүүн илэрхийллээ. О.Мөнхсайханыг хуралдаанаас гаргах асуудлаар цэц зөвлөлдөж байна.

ҮХЦ-ийн гишүүн Одонхүүгийн Мөнхсайхан

УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үед УИХ-ын 2023.11.16-ны 97 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Боловсрол:

  • 2000 онд Улаанбаатар хот, Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуульд бүрэн дунд боловсрол;
  • 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль; эрхзүйч мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг, цол:

  • 2008 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистр;
  • 2011 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн доктор;
  • 2019 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөс дэд профессор цол.

Ажилласан байдал:

  • 2005-2023 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессор;
  • 2011 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач;
  • 2011-2012 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач;
  • 2011-2013 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач;
  • 2013-2023 онд Монголын хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүн;
  • 2014-2023 онд Монголын хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүн (2017-2018 онд тус хорооны дарга)
  • 2014-2023 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Хөтөлбөрийн хорооны гишүүн;
  • 2017-2023 онд “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын УЗ-ийн гишүүн (2020-2023 онд УЗ-ийн дарга);
  • 2014-2019 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн;
  • 2021-2023 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;
  • 2021 оноос УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн;
  • 2022-2023 онд “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн;
  • 2022-2023 онд МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал.
0/1000