Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Спорт гэдэг цаг хугацаатай уралддаг. Эх оронтойгоо уралддаггүй. Бас эх нутагтаа хайртай хайргүйгээ нотлох гэж залуу насыг зольдоггүй. Хориодхон насыг дөнгөж давсан жаахан охинд хүслээ гүйцээхийн тулд хүний нутгаар овоглох дэнчинг хувь заяа оноосон. Харин жингийн өрсөлдөөнд даруулаад хэд гурав ялагдаад ирэхээрээ хоёр номер гэдгээ хүлээн зөвшөөрч хүсэл мөрөөдлөө үгүй хийдэггүй юм гэдгийг Галбадрахын Отгонцэцэгийн энэ амьдралын түүх хүүрнэнэ. Гэхдээ мөрөөдөл үнэтэй ч монгол нь бас юутай ч жишимгүй. Тэгээд л магадгүй хүний газар хийсэн бэлтгэл, давтсан мэх бүр нь эх орон зүг цахилж, цохилж явсан.Түүний замнасан замнал, зурагдсан зураг эгэл биш.

Хэл ус хазгайшиж, хэв зан нь хүртэл ондооших харийн оронд анх очоод өдөр бүр л эх орон бодогдож, элгэн түмэн рүүгээ тэмүүлж явсанаа тэр өгүүлэв.

Монголын их тал, гурван сая Монголчуудтайгаа бодогддог юм байна уу ? гэж асуусанд иргэншлээсээ татгалзах үед эх орны үнэ цэн бодол, тархи, бүгдэд багтаж ядан байж, хилийн чанадыг зориход эх нутаг минь элэг нэгтэй ахан дүүс, ижий аавтай минь хамт зүрхний угт уягддаг юм билээ” хэмээнэ.

Шигшээ багийн тамирчин болоод удаагүй байхдаа спортын төв ордонд зүүн азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийж, жингээ хасаад байж байтал гавъяат дасгалжуулагч Балжинням дуудан уулзжээ.

Багшийн энэ чухал яриа өнөөдрийн Отгонцэцэгийг бүтээх үүсгэл болсон гэнэ. Тэр хэлэхдээ “ Отгоо багш нь сая Казакстаны жудогийн албаны хүмүүстэй таарлаа. Миний охиныг шигшээ багийн тамирчнаар авч барилдуулах хүсэлтэй байгаа юм байна, сайн бодоод шийдээрэй” гэжээ.

Ингэж хоёр мянга арван дөрвөн оны намар анх казакстан улсыг зорих болж, эх орныхоо иргэншлээс татгалзах хүсэлтийг бичин Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид хандсан түүхтэй аж. Ингэхэд л “Эх орон” гэх үг үсэг үсгээрээ өр эмтлэн дотогш уншигдаж, чихэнд сонстож, сэтгэл шимширч эхэлсэн. Байгаа хугацаандаа мэдээгүй үнэнийг, бахархах ёстой ч амжаагүй омогшлыг харийн орны иргэн болохоо хүлээх хэдхэн хоногт хэсэг хэсгээр нь хэрэн байж өөртөө бий болгон үлдээсэн юм.

Харин цаг хугацааг ухраавал Казакстаны хөнгөн жинд нүүр дахалж, их амжилт бүтээж чадна гэж тэдэнд итгэл төрүүлэх болсон түүний замнал ийн эхэлсэн юм.

Сурагч ахуй насаа гурав дөрөвдүгээр хороололд өнгөрүүлж, элдэв дурсамжууд энд л өрнөв. “Завсаргүй арван жил энд амьдарсных энэ газрын сургууль намайг их спортод хөл тавих гүүр болсон найзаар минь шагнасан” заяаны хань гэдэг шиг л содон ховор тохиол гэж тэр тодотгов.

2007 оны есдүгээр сарын нэгэнд Увсын Улаангомоос гэх сүрхий овог хаягтай шавилхан Отгоогийн хажууд бол бараг л бөх гэмээр өндөр шар охин хажууд нь ирж суулаа. Нэг ширээний хоёр юу эсийг ярих вэ дээ, хажуугаар нь төгсөх жил эхэлж байна гээд тогтож ядаж байна шүү дээ. Эндээс тэд эргэж буцахгүй нөхөрлөлийн замыг эхлүүлжээ. Түүнийг Сайнбуян гэнэ. Ёстой л нэр шиг ээ сайн охин, одоогоор бол буянтай ч бүсгүй юм.

Сайнбуян Отгоогоо нэг тийш хамт явахыг хүсэв. Сайнаагийн авга ах бол монгол улсын заан Бумбаяр аж. “Биерхүүгийн дээр бяртай харагдсан уу, эсвэл Увсынхан угаас барилдаанч гэх учир жудогоор хичээллээд юманд хүрэх эсэхийг сонжиж шалгах гэв үү” юутай чиг Сайнбуянг сайн тамирчин болно хэмээн сэтгэж, ятган авч очжээ. Хоёр сар гаруй хичээллээд Отгоогоо тэр зүгт хөтөлж, тийш урин дуудаж эхлэв. “Отгоо хоёулаа манай бэлтгэлд хамт явъя, үгүй бол би уйдаад байна” гэсээр дагуулан очжээ.

Жудотой холбосон бартаа нугачаа ихтэй, басхүү гэрэл гэгээтэй тэр замын эх энд тавигдаж, эндээс ирээдүй үүджээ.

Эхлээд бөмбөрцөгт нэрээ данслуулах тамирчин болох төсөөлөл , зорилгын аль нь ч байсангүй. Уулаасаа чийрэг, хөдөлгөөнд эвтэй, спортод элэгтэй чанар нь Отгонцэцэгийг тэр зааланд саатуулж, дэвжээний захад аргамжиж байж л дээ. Бэлтгэлийнхээ хүүхдүүдтэй тоглож, дотносон найзалж, бас ч гэж Сайнаатайгаа бүтээх сайхан дурсамжууд тэнд хөвөрсөөр байсан нь үлэмж сонирхолтой, салж болмооргүй тийм л сайхан амттай байж.

Жудо бөхийн спортоос мэдрэх баяр жаргал халуун уур савсах мэт нүүр нүднээ төөнөж, ер нь л хэр баргийн сайхан зүйлтэй жишихийн аргагүй. Бас барилдах ухаан улам бүр тогтон хөгжсөөр, тэр бүхний тоолон эрхгүй татагдаж, эндээс нэг л холдож боломгүй санагддаж эхэлсэн байна.

Анх очиход заал дүүрэн л хэвтээ барилдаан, тэгээд л босоо барилдаан гээд байх юм. Самбо, жудо гэгдэхийн ялгааг ойлгож ядтал дээрээс нь босоо, хэвтээ гэхийн учрыг ойлгосонгүй л дээ. Сайнаагаасаа асуулаа. “Сайнаа самбо гэдэг чинь яаж барилдахыг хэлж байгаа юм бэ? гэтэл “Одоо барилдана.” Хэвтэж байгаа аятай өвдөг дээрээ барилдаж байгаа нь самбо бөх гэж хариулж байна. Нэг бол их тодорхой, үгүй бол бүүр эргэлзээтэй ч хариулт .. Би Сайнаагийн хэлснээр “ Босож барилдвал манай жудо, сууж барилдвал самбо” гэдгийг ойлгож авлаа. Барилдаж эхлээ ч үгүй явсан тэр үед яагаад жудог манайх гэдэг бодол орж ирсэнийг одоогоороо үе үе гайхаж л суудаг сан.

Удтал барилдааны эвийг олж, мэх мэдрэмжээ ч хачин сайн тааруулдаг болоход зөвхөн бэлтгэлийн зааланд бус байнгын тэмцээний оролцогч болж эхэллээ.Хурд мэх сайжирч, хүн ялаад ирэх үед хүүхэд гэлтгүй сэтгэл орж, зорилго томорч эхэлдэг юм билээ” гэнэ.

Хоёр мянга найман оны есдүгээр сард анхны тэмцээндээ оролцохоор Дархан хотыг зорив. “Анх удаа тэмцээнд оролцох гэж холыг зорьсон, амьдралдаа анх удаа вагонд сууж үзсэн гээд одоогийн замаас нэхэн тольдоход ч тэр тэмцээн хамгийн том тэмцээн байсан юм. Дархан хамгийн том газар мэт л нүдний өмнө юу нь ч үл бүдгэрч харагдах юм.

Аав дэмжиж, багш хурцална. “Жижигхэн бор охиныхоо барилдахыг бүү хэл жингээ үзүүлэхэд ч харж чадалгүй, тэмцээн дуусан дуустал бэлтгэлийн улаан цамцных нь захыг мушгин ордон тойрч алхсаар өсвөрийн бөхийн бүх жингийн барилдаан дуусах болоход л тэгж нэг тайвшран орж ирэх хүн бол манай аав “ гэж тэр дурсана.

Отгонцэцэг, Сайнбуян нарын багын найз жудогийн тамирчин А.Цолмон “Отгоогийн минь аав мөн ч сайхан хүн байлаа. Өглөө эрт бэлтгэлийн зааланд жингээ үзүүлэхэд Ганхуяг ах аль хэдийн ирчихсэн халуун савтай цайгаа бариад л зогсож байдаг сан.” гэж түүгээр бахдах шиг болно.Харин ааваасаа авсан тийм агуу сэтгэлийн хэсэгхэн ч үзүүрийг тавьж орхиогүй, юуг ч ер талаар болгоогүй . Бүгдийг амжиж харуулсан, бүр ганцхан аавдаа бус бүх дэлхийд баталчихсан юм шүү дээ”гэж ярьсан юм. Тийм их хайран дундаас л тив дэлхийн тамирчин бүсгүй урган нахиалжээ.

Цолмон гэх жудоч эмэгтэйн дотроос ундран оргилох үгс хэд гурван өгүүлбэрт зогсож тогтсонгүй. Отгонцэцэгийн тухайх төгсгөлгүй үүтгэл түүний зүрхний угт уясан байх ажээ.

Бүлтгэр алаг нүдтэй, шавилхан гэвч шаламгай бор охинтой дотносон үерхэж, их спортод эн зэрэгцэн хөл тавьж, ижилдэн нөхөрлөсөн арван найман жил тэртээ холд алсарчээ.

Хархан багын минь найз Сайнаатай маань хоёул анх бэлтгэлд ирж байсан Отгоо маань аавынхаа мөрөөдлийг амьдруулж дэлхийн шилдэг тамирчин болжээ. Бид гурав байнга хамт явж, гэр ойрхон тул тэр хоёр маань манайд бараг л амьдарчихдаг байсан. Үдийн хоолоо хамгийн амарханаар хийж, түүнийгээ их амтархаж зооглоно. Чухам л жаргалтай.. Болц хурдан тул будаатай шөл голдуухан буцалгана. Үл ялиг өөрчиллөө гэхэд л будаатай хуурга хийнэ. Тэгж нэг тавтай ундалж аваад л үдийн алдад хүч спорт хороо руу гурвуулаа сугалдалцаад л алхана. Яарвал бүр хэлхэлдээд гүйнэ гээч. Бидний үерхэл дэндүү үнэнч, даанч хайрлам.” гэж баяраа багтааж ядан дурсав. Спортын замд сэтгэл шулуудаж, итгэлээ өргөж, зорилго хаягласан тэрсхэн охидын үерхлийн түүхийн үүтгэл нь энэ ажээ.

Тэд анхны тэмцээндээ ч цугтаа , улсын аваргатаа ч хамтдаа л байж..

Анхны барилдаандаа 44кг-ийн жинд барилдаж, хожигдол хүлээхэд унтарч шантрах зүйл юу ч болсонгүй. Зүгээр л бүх зүйл нүд ирмэхийн зуур өрнөж, юу болсоныг өөрөө ч мэдсэнгүй.Ёслоод гарсан, ёслоод л буусан.

Юу болсоноо ч бүрэн санахгүй байхад юунд ч шантрах билээ. Ер нь тэгээд цаашид үргэлж л өнгөрсөн барилдаанаа санаж, мэх сэтгэж, өрсөлдөгчөө бодож, өмнөхөө эргэцүүлж явах ийм л замналд хөл тавьсан анхны тэмцээний тухай бодоход тийм амар амгалан өдрийг үлдээсэндээ харин ч баяр төрөөд л байдаг юм.

Тэр жил хөдөлмөрийн баатар , олимпийн аварга Н.Түвшинбаяр олимпоос алтан медаль авч, монголчууд нэг хүн шиг болоход л , амжилтыг анх удаа тэгж ойртон ирэхийг мэдрэхээс л тив дэлхийн энгээр дураар дэвж, хүслээ биелүүлж болдог юм байна” гэсэн итгэл дотор бууж ирсэн юм. Нэр сонссоноос л биш, нэг ч удаа хараагүй түүгээр ирээдүйгээ гэтэлгэж, Түвшинбаяр ахын амжилтаар өөрийгөө ирлэн мэхээ давтаж байлаа.Тэгэхэд манай бэлтгэлийнхэн Барсүрэн багштайгаа хандгайтад бэлтгэлд гарч байсан.Тэгэх ахуйдаа ангийнхаа охинд юу ч бодолгүйгээр “ Би Н.Түвшинбаяр ах шиг олимпоос алтан медаль авсан монголын анхны эмэгтэй тамирчин болно оо” гээд хэлчихэв.Хэлсэн байхад тэр хүслийн үзүүрт хүрээд очдог нь, эсвэл тэр чанд холын цаг хугаацаа өөрөө хүрээд ирдэг нь монгол хүний заяа юм уу гэмээр..

Өдөр бүр бэлтгэлээ хийж, улам бүр сайжирсаар.. Гадаад дотоодын арван таван тэмцээнд оролцож, арван дөрвөөс нь медаль хүртэж, монголын шигшээ багийн шигшмэл тамирчдын нэг болсноор Отгонцэцэгийн амьдралын онцгой хуудас нээгдсэн юм.

Уранцэцэг үгүй бол Отгонцэцэг үгүй

Түүнийг дэлхийн дэвжээ хүртэл ирлэж, тийш хөтлөн дагуулсан цорын ганц ташуур бол Урнаа гавъяат. Нэг жингийн хоёр тамирчин хамтдаа дэлхийд хүрэх боломжгүй тул нэгэн амьдралынхаа ид үеийг зориулж байгаа залуу хоёр тамирчинд хэн хэн нь урагш зүтгэхээс өөр тод зам үгүй. Гарцаагүй Отгонцэцэг хоёрдугаарт, Уранцэцэг түрүүнд л байсан.

Харин 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хатуу учраа, ширүүн өрсөлдөөн дундаас хоёул хилийн дээс алхаж, дэлхийн шилдгүүдтэй хүч үзэх боллоо. Отгоогийн хувьд дэлхийн аварга гэх сонсоход л сүрдэм энэ наадам анхны удаагийнх байсан юм. Юм бүхэн шинэлэг, бүх зүйл сонихон.

Урнаа аваргалж дэлхийд нэрээ данслуулаад, мөрөөдлөө мөнхлөөд буцсан бол, Отгоо дэлхийн томчуудтай мэх хуваалцаж, мэдрэмж нь сайжраад харьжээ.Ингээд эх орондоо нисээд очиход Отгогийн хувьд амьдралын түүх, тамирчны замналдаа үзэх хамгийн хэцүү даваа Буянт-ухаа дээр хүлээж байх юм чинээ төсөөлөөгүй явлаа. “Нэг жингийн өрсөлдөгч Урнаа маань эх орондоо бахдам гарамгай түүх бүтээгээд ирсэн тэртээх өдөр монголын жудо хөгжин дэвшсэн он жилүүдийн оргил , одоо ч түүхэн хугацаа..”

Гэхдээ чухам “медаль зүүгээгүй л бол хэн ч биш гэмээр хүнд мэдрэмж зүрхний чанд , сэтгэлийн гүн гэж байдаг бол яг л түүнийг сэтлэн давах шиг л болсон.” гэв. Магадгүй хилчин спорт хорооны дэвжээнээс хилийн чанд хүртэл онцгойрч, дэлхийн жудогийн хөнгөн жинг өнгөлж, өнгөлсөн орон зайдаа эзэрхэг явах хүчийг энэ өдөр түүнд өгчээ.

Иргэншлээ сольж, эх орон , ижий ааваа зүрхэндээ тээн хүний нутгийн зүг хүлгийн жолоо залсан нь энэ дэлхийн аваргын дараах үйл явдал юм.

Төрийн тэргүүнд хандсан хүсэлт ёсоор болж, иргэншлээс нь түтгэлзүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлиг гарахад төрж өссөн эх орныхоо иргэн байх бүртгэлээс нэрээ хасуулах тийм ч амар байсангүй. “Эх орон” гэх үг энд намайг төрсөнийг сануулж, энэ дотор би оршдог болохыг ойлгуулж байсан юм.” гэх түүний яриа тэртээх цаг хугацааг алган дээр эргүүлэх шиг л болно.

Тэгэх үед монголынхоо далбааг зүрхэндээ залж, харийн газар мандуулж явахыг өөртөө амлаад хилийн дээс алхлаа. Ингээд жудод зориулсан таван жилийн хөдөлмөр, дэлхийн чансаанд тавдугаарт эрэмблэгдсэн хөлс хүч, зориг тэвчээрийн нийлбэр болсон бүх амжилтууд тэглэгдэж, тэр бүгдийг зөвхөн эх орондоо л үлдээж..

Энэ бас л түүний амьдралын эгэл биш үйл явдал байсан гэдэг. Бүгдийг шинээр эхлүүлж, богино хугацаанд олимпод оролцох оноог цуглуулах их ажил багш, шавь хоёрт ундарчээ.”

Ингэж их яарч байсан ч казакстан улсын иргэний үнэмлэхээ хоёр зуу-аад хоног хүлээж “аль ч улсын иргэн биш”-ээр найман сарыг өнгөрүүлснээ хожим хошигнон дурсана. Энхбаатар багш энэ асуудлаар илчингийн газар луу өдөр болгон утас цохино.Ингэх тоолондоо тодорхой хариу авч чадахгүй байсаар тэмцээн тулан ирлээ. Гэтэл дэлхийн аваргын тэмцээн болохоос яг долоо хоногийн өмнө Казакстан улсын иргэн болж, энэ наадамд зодоглох нь нэгэнт тодорхой боллоо. Тэгж монголынхоо далбааг энгэрээсээ хуулах`даа овоглосон овог, оноогдсон нэрээрээ мандуулж явахаа амлаад дотоод энгэртээ, зүрхэн тушаа газраа хаджээ.

Казакстан улсын тамирчин гэж зарлуулсан анхны тэмцээндээ Солонгосын тамирчинтай таарч, цаг сунгах мөчид торгуулиар хожигдсон нь Казах хүмүүсийн шүүмжид өртөх шалтгаан болж, нөгөө талаас “эх орноосоо урвасан ч энэ хэмжээнд л оролцлоо “ гэх монголчуудын омгойтсон их дайралтууд эн зэрэгцэн ирэхэд унасан ч ухарч болохгүй гэх араанд гацах шиг болсон” гэж тэр ярьсан юм. Хэрэв ухарвал шууд унах хадан хавцал дээр ирсэн мэт үгээр бол тайлж чадамгүй тийм том юманд даруулчихаж билээ. Хад нь ил харагдаагүй л болохоос яг л тийм бодол төрдөг юм билээ” гэнэ.

Ялалтын замаа ялагдлаараа өрдөж, олимпийн наадам болохоос өмнөх арван сарын хугацаанд олон улсын арван зургаан тэмцээнд оролцож, арван таваас нь медаль хүртэж, өнөөх тэглэгдсэн оноо дэлхийн чансааг тэргүүлэх хэмжээнд ирж, Отгонцэцэг гэх жудочийн чансаа шинээр дэлхийн дайтад зарлагдав.

Олон улсын дүрмэнд тухайн улсын легонор тамирчин тэндээ гурван жил барилдаж байж олимпод оролцох эрхтэй байдаг ч жудогийн түүхэнд олон давтагдаагүй Отгонцэцэгийн богино хугацаанд бий болгосон амжилтыг харгалзан РИО хотод болох олимпийн наадамд оролцох болсныг дуулгахад ганцхан Казах түмэн биш, Монголчууд ч биш бүх дэлхий даяар баярлаж байсан юм.

Тэр хүртэлх хугацаанд хөлөө хугалах, эгэмээ бэртээх, гараа гэмтээх гээд хүнд өдрүүдийг өнгөрүүлж, хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадамтай тэр золгосон юм. Олимпийн дэвжээнд зодоглох тэр өдөр түүнд нэг л ер бусын байж. Юм бүхэн дотор нь багтаж, ер нь л бүгдийг ялах сэтгэл оргилоод л байж..Яг ийм ирээр өөрийгөө залуурдсаар, үдээс хойш шигшээ шувтаргын барилдаанд шалгарч үлдлээ.

Казакстан улсын тамирчин Галбадрахын Отгонцэцэг олимпийн дэвжээнээс хүрэл медаль хүртэж, бүх дэлхийд нэрээ дуудуулж, эх орондоо өгөөд ирсэн амлалтаа тэнд бүхэлд нь биелүүлжээ.

Түүний багш Д.Энхбаатар “Энэ үед эх орон бодогддог юм билээ шүү, Монголоосоо оролцоод авчихсан бол мөн ч сайхан аа” гэх бодол оргилоод л ирсэн. Яг урд нь Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдаад ялагдсан байлаа.Тэгэхэд л бид эх орноо бодож, Отгоогоо олимпийн медаль авсан мэтээр итгүүлж, энэ барилдааныг л эзэрхэх ёстой хэмээн эрчилж байлаа”.

Өрсөлдөгч Кубын охин шаггүй сайн тамирчин шүү. Гэхдээ Отгоод маань тун эвтэйхэн байв. Яг тэр жил нэг мэхэнд манай охинд гурван удаа хожигдсон . Араар нь хашиж мордох мэхэнд …

Медалийн төлөөх барилдаанд тун няхуур гарч ирсэн нь илэрхий. Барьц авахад л мэх хийлгэхгүй үүрч суучихаад байсан. Манай охиныг гаруут нь нэг торгосон. Тэгээд жаахан явтал дахиад ч торголоо. Тэр үед торгуулиар барилдаан шийдэгддэг байлаа шүү дээ. Тэгэхэд бүр хоёр торгуультай, цаг ч талдаа орж явсан сан.” гэж тэр гэнэт л ухаангүй сандарсан өнгөөр яриад эхлэв. Учир нь тэгэхэд үнэхээр л “Торгуулиар хожигдох бүрэн нөхцөл үүсэж, ” оноо авахгүй л бол хожигдчих гээд тун хүнд мөч байжээ.

Шүүгч нарын дэмжлэг айлын тамирчинд чиглэж, ер нь л Кубын талд шүүгээд байна. Одоо зүгээр л зүтгэ, миний охин хийдгээ хий , айж адгах зүйл ер алга. Яаж ч хожигдсон яг адилхан. Торгуулиар ялагдсан ч хожигдол, цэвэр хожигдсон ч хожигдол .“ Миний хүү , яваад л алд” гэж хэлж байсан юм. Тэр богино хугацаанд охиндоо амжиж хэлсэн хэдэн үг минь энэ. Яг тэгэх ахуйд Отгоо маань улам урагш явж араар нь хашиж мордоод л хожиж байлаа. “Хашиж мордоо, тэвэрч шидээг мундаг их давтсан даа миний охин..” Яг ийм мэхээр өдөрт хоёр зуун удаа шиддэг байсан хүүхэд шүү дээ Өдөр болгон… гэж тэр санаа алдах шиг болно.

Шахаж татааг ч түүнээс дутаагаагүй. “Бэлтгэл хийсэн өдрүүдийг нь бодоход агуу гэхээс л өөр хол илүү үг даанч гарахгүй юм. “Зүтгэсэн хүнийг зорилго нь тосдог гэдгийг миний бор охин дэлхийд хүртэл харуулж чадсан.” гэж өндөр дуугаар боловч үл мэдэг чичирхийлж, өнгө сааралтсан хоолойгоор бахдал дүүрэн ярьж байсан юм.

“Хэрийн зүйлд няцдаггүй, зорилгынхоо замыг харсан л бол тэндээсээ ер холддоггүй, атгасан үзүүрийг нь тавьдаггүй тэр чанар нь бусад хүүхдүүдээс үнэхээр л нэг ялгарах шиг болдог. Хөлөө хугалж, эгэмээ бүтэн бэртээчихээд л ямар ч бэлтгэлгүй байх үедээ хоёрхон хоногт жингээ хасаад, дэлхийн аваргад очоод барилдчихдаг юм шүү дээ” , “Тэгэхэд л би охиноороо ёстой бахдаж байсан юм” Долоон жилийн хугацааг хамт өнгөрүүлэхэд бидний зам дардан байгаагүй. Өвчин зовлон, бэртэл гэмтэлийг ч өчнөөн ихийг үзэж, энэ хугацаанд Отгоо минь аавыгаа ч алдаж байлаа”. Энэ их сэтгэлийн хүчийг ижий аав нь түүнд өсөх наснаас нь суулгасан байж” хэмээн өгүүлж байна.

Харин энэ яриаг хөврүүлэн, гэр бүлийнхээ тухай тэр ийн дурсана.

Гурав,дөрөвдүгээр хорооллын гудамж бүрийг хожмоо хэзээ ч үл марттал сэтгэлдээ зураглаж,дурсамж бүхнээ тэнд дурдатган үлдээжээ. Тэр Ганхуяг аавын амин охин.

Аавтайгаа хамт таксинд явсаар андашгүй тод мэдэх болсон зам бол энэ аж. Айлын ууган охин Отгоо ажлын ухаанд хэрсүүжиж, спортын замд хатуужсан. Хүнс чихрийн үйлдвэрээс ажил үйлсийнхээ эхийг тавьсан түүний ижий удалгүй Хан-Уул дүүргийн татварын албанд ажиллаж, урдах жилүүдээс улам бүр завгүй хөдөлмөрлөх тийм завсар зайгүй хэмнэлд тэдний амьдрал шилжжээ.

Амьдрах газар, ажил алба ч бус амьдралын нэгэн бүхэл замд цэг хатгаж, нөгөө хаалгыг нээх болсон нь хорин хоёрхон настай залуу бүсгүйн эрс зоримог шийдвэр болжээ..Хоёр, гурван настай Отгонцэцэг, Отгонбаяр нарыгаа ааваас нь салгах гол зурсан мэдрэмж амар байгаагүй ч сархадын нэвширсэн үнэрээс нэгэнт холдуулж, тийм гашуун амтыг гэр бүлээрээ амсахаас татгалзсан нь өнөөдөр тэдний өнгө гэрлээ улам бүр тодруулж яваагийн учир ч байж болох юм.

Харин түүний дараах ажил үйлс хөвөрсөн тогтуун амьдралын жигүүр нь одоогийн Отгонцэцэгийг бий болгосон Ганхуяг гэх шулуун шударга, ажилч хичээнгүй, амьдралд дэндүү хайртай нэгэн байв.

Аав ээжийн эзгүйд дүү нартаа тэднийгээ орлодог байж ээ тэр.. Дараах дүү маань жил дараалан төрсөн. Гэхдээ манай гэр бүлд эгч л бол эгч, дүү л бол дүү гэсэн хүндлэл, хариуцлагын дундуурх тод зураас багаас татагдсан. Эл түүхийн эзэн бол миний дараах дүү Отгонбаяр бид хоёрын төрснөөс өөрцгүй түшиг, харин бага дүү Отгончимэгийн маань төрсөн аав Ганхуяг хэмээх гайхамшигт хүмүүний амьдралаараа таниулж, өөрөөрөө үлгэрлэсэн үнэт хүмүүжил юм.”гэв.

“Аав хол явбал тээврийн жолооч, хотод орж ирээд таксины жолооч хийдэг байлаа.Бүр хажуугаар нь үсчин ч хийчихнэ. Үндсэн мэргэжил нь болохоор үсийг бол урамтай засна. Завсар зайгүй их хөдөлмөр манай гэрийн гал тогоонд буцалж байхад хүүхэд гэхгүй хариуцлага мэдэрч, хүн байхад суралцдаг юм билээ.

Энэ цагийг санахад эмээ нар маань ч бүхэлдээ багтана. Хорооллын гудмуудаар хоёр эмээгийнхээ хооронд гүйж өссөн дурсамж харийн газарт дурдатгасан долоон жилд хамгийн тод харагддаг байж билээ. “Эх орноо санасандаа ч билүү, эсвэл тэнд өнгөрүүлсэн бүхнээ он цагийн хэлхээсээр нь үгүйлсэндээ ч байж уу” гэнэ.

Эмээгийн үгэнд дуулгавартай, элдэв зэмлэлд тэсвэртэй суух тул эмээ нар нь түүнийг “НОМХОН БОР” хэмээн нэрлэнэ.

Эмээгийн номхон бор охин хожмоо дэлхийн жудогийн хөнгөн жингийн нэгэн арванд оройлов.

Эх орон гэдэг харах нүдэнд уяатай, халуун зүрхэнд аргамжаатай юм гэдэг нь эгэл бишээр эргэцсэн энэ амьдралын минь хуудас бүхэнд шигтгэгдсэн юм хэмээн ярьсан юм.

Т.Чулуунцэцэг

- Шинэ
- Хандалттай