Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музей хамтран Даланзадгадад “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн нээлээ. ХХ зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр”, “Үрс гарч байгаа нь” хэмээх хосгүй үнэт бүтээлийн хэвлэмэл хувилбарыг эндээс үзэх боломжтой.
Эдгээр бүтээлийн өнгө төрх, өгүүлэмж, дүр дүрслэл, орчин цагийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг уг үзэсгэлэнгээс сонирхоорой. Уг бүтээлд багтсан хүмүүс, мал, амьтан, эд өлгийн зүйлс, зан үйлийн дүрслэлүүдийн нарийвчилсан тоо баримттай дэлгэрэнгүй танилцаж болно.

“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд соёлын өвийг орон нутагт сурталчлан таниулах, музей хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох зорилготой эл үзэсгэлэн Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейд 10-р сарын 24-нөөс 11-р сарын 5 хүртэл мягмараас бямба гарагт 09:00–17:30 цагийн хооронд гарч байна.

