“Pro” театр “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ ирэх 11 дүгээр сарын 13-наас дахин тоглохоор боллоо. Тус театр өнгөрсөн 4 дүгээр сард Александр Вампиловын “Нугасны ан” жүжгийн зохиолыг “Сүүлчийн бороо” нэрээр, мета драмын жүжиг хэлбэрээр найруулан, Монголын тайзнаа тавьсан юм. Найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг өгүүлдэг энэ жүжгийг РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд үзээрэй.
ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академи төгссөн нэг ангийн найзууд “Про” театрыг байгуулсан юм. Тэд өнгөрсөн хугацаанд Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганын хаан” хүүхдийн жүжиг, Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийг үзэгчдэдээ толилуулаад байна.

