Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танаа! Улаанбаатарынханд ус уух хувь өгөөч
- 2025/10/28

- 6 өдрийн өмнө

- 5 мин уншина

Эрхэм Ерөнхийлөгч Танд энгийн иргэдийн өмнөөс илгээх захидал байна.

Улаанбаатар хотынхон ундны усаа ууж чадахгүйд хүрэх өдрүүд тун ойрхон ирлээ. Улаанбаатар хотын ундны цэвэр усыг нийлүүлдэг А станцын харьяа газраас 96,44 га газрыг аж ахуйн зориулалтаар ашиглахаар хамгаалалтаас гаргах нийслэлийн ИТХ тогтоолыг Танд хэлэхээр ийнхүү хандлаа. БНХАУ-ын тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40 га газар, Туулын хурдны зам дайрч өнгөрөх 52,18 га, нэгдүгээр тойрог замын 4,26 га газарт бүтээн байгуулалт хийхээр тохирч, нийслэлийн ИТХ тогтоол гаргасан байна.

Ундны усны эх үүсвэр, улсын хамгаалалттай газраас улс төрийн тогтворгүй байдлыг далимдуулан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч гэх 45 нөхөр гар өргөн баталсан тогтоол Улаанбаатарчуудын амь нас, аюулгүй байдалд шууд заналхийллээ. Сандал суудлаа булаацалдсан хоёр нөхрийн нанчилдаанд хэд хуваагдан талцсан нийслэлийнхэн цэвэр устай байх уу, үгүй юү гэдэгтээ бодитой дүгнэлт хийх завгүй байна. Хүмүүсийн харах нүд, сэтгэх ухааныг хэрүүлийн алим хаасан бололтой, эрхэм Ерөнхийлөгч өө!

20-30 жилийн дараа нийслэл усны хомсдолд орох хэмжээний нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд судалсан. Ундны усны дэд эх үүсвэр болон Хар усан тохойн орчимд 3-4 орон сууцны хотхон барьчихсан. Нэгэнт өнгөрсөн гэсэн үг. Улаанбаатарын иргэд хоногт 145-160 мянган м/куб ус хэрэглэдэг ч цаашид байнга өснө. Байдал ийм байхад ердөө жилийн Ж.Батбаясгалан даргатай Нийслэлийн ИТХ цэвэр усны хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосныг өнөөдөр хүчингүй болгочихлоо. Ердөө 2024 онд шүү дээ. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 50-р тогтоолыг ярьж, усны сан бүхий онцгой хамгаалалтын бүсийг 23104.0 га, энгийн хамгаалалтын бүсийг 37585.9 га хэмжээтэй байхаар санал боловсруулж, баталж байжээ. Өнөөдөр харин энэ тогтоол хүчингүй болж, цэвэр усны нөөц бүхий хамгаалалтын зурвас газраас 100 га хасагдах нь.

Угаасаа улстөржих дуртай монголчуудын занг сайн мэддэг, ар өврөөр нь аюул занал учруулсан тогтоол, шийдвэрээ баталж орхидог том ах нарын жишгийг нийслэлийн ИТХ ч тойрсонгүй. Сэм хуйвалдаж, нам үгсэн, ундны усны эх үүсвэр дээр урлагийн театр барихаар улайрлаа. Бүр тогтоол нь гарахаас урьтан, хятад ажилчид газар ухаж сэндийчсэн байна. Тогтоол батлах нь тодорхой, бид газар ухах нь тодорхой гэсэн байдлаар ханджээ. Та үүнд санаа тавьж, шалгаж, шийдвэрлүүлж өгнө үү!

Бүр цаашилбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эсрэг шийдвэрийг тэд гаргалаа. Ундны усны эх үүсвэр, Улаанбаатарт үлдсэн жаахан улиаснууд амь тавих нь. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол хавар, намартаа улаанбаатарчуудын мод тарьдаг хэдхэн цэцэрлэгийн нэг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Улаанбаатарт энд л хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хавар ч манайх байгууллагаараа энд бургас тарьсан.

Та санаж байвал Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гээд мод, цэцэг алагласан томоохон цэцэрлэгт хүрээлэн байлаа. Нийслэл, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн гаргасан балагтай шийдвэрээс болж, тэнд орон сууц, эмнэлэг, офис барьсан. Хүүхэд тоглодог, хүмүүс зугаалдаг хэсэгт нь бетонон ширэнгэ л бий болсон. Одоо хумсын чинээхэн талбайд ховор ургамлууд эцсийн найдвараа тээн тэсэж байна.

Ерөөсөө ямар нэгэн цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатарт байх л юм бол тийш шуналын харцаа унагаж байдаг хэсэг бүлэг хүмүүс заавал гарч ирэх юм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар ч энэ гашуун түүхийг дайрч өнгөрсөн. Улаанбаатар хотын цэвэр усны нөөц бүхий хамгаалалтын зурвас газар бас л үе үеийн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гаргасан буруу шийдвэрээс болж га, га-гаараа хасагдсаар, хэд хэдэн цэвэр усны худгаа хамгаалалтаас гаргаж, эцэст нь Туул гол дагасан том том хороолол нэртэй, орц гарц ч байхгүй, урд хойд байрандаа гүйгээд орох эрхгүй, хашаа хороо болсон бетонон ширэнгэ бий болсон. Одоо үлдсэн жаахан газар луу нь хүрз барин дайрлаа.

Ерөөсөө ямар нэгэн цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатарт байх л юм бол тийш шуналын харцаа унагаж байдаг хэсэг бүлэг хүмүүс заавал гарч ирэх юм. Энэ намар “Ард” кино театрын өмнөх бичил цэцэрлэгт хүрээлэнг хашсаныг манай мэдээллийн сайт мөн л эсэргүүцэн дуугарч байж, газрын гэрчилгээг нь цуцлуулж, хашааг нь буулгуулж, хүмүүсийг суух жижиг ч гэсэн талбайтай нь үлдээж чадсан билээ.

Энэ удаад бидний дуу хоолой тэнгэрээс дээгүүр эрх мэдэлтэй гэж өөрсдийгөө бодсон бага гарын хэдэн нөхдийн сонорт хүрэхгүй байна. Хүрсэн ч тоохгүй байна, нийслэлийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид.

Үндэсний театрын барилгыг заавал цэцэрлэгт хүрээлэнд барих гэж зүтгэхийн учир юу вэ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүрэг хүлээсэн эрхэм төлөөлөгчид угаасаа ачааллаа дийлэхгүй байгаа цэцэрлэгт хүрээлэнд нэмж ачаалал өгөх төсөв, төлөвлөгөө батлаад сууж байна гэдэг үнэндээ гутамшигтай санагдаж байна. Агаар салхинд гарахдаа зүглэдэг ганц газрыг нь 100 га-гаар багасгаж, тийш очих хөдөлгөөний эрчмийг тэр хэмжээнд хүртэл нэмэх мулгуу шийдвэрийг А.Баяр тэргүүтэй хэсэг нөхөд гаргачихлаа.

Үндэсний театрын барилгыг заавал цэцэрлэгт хүрээлэнд барих гэж зүтгэхийн учир юу вэ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үүрэг хүлээсэн эрхэм төлөөлөгчид угаасаа ачааллаа дийлэхгүй байгаа цэцэрлэгт хүрээлэнд нэмж ачаалал өгөх төсөв, төлөвлөгөө батлаад сууж байна гэдэг үнэндээ гутамшигтай

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайгийн танилцуулснаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40 га газар Улаанбаатарт байхгүй гэж үү? Хүйдолоонхудагт зунжингаа дэнж хотойтол найрладаг ард түмэн бид. Тэнд газар бий. Яагаад нааддаг, найрладаг газартаа барьж болохгүй гэж. Улаанбаатарын ачааллыг бууруулж, түгжрэлээс гаргаж, театраа барих нь төлөвлөлтийн хувьд нүдээ олсон шийдвэр болно. Гэтэл ганцхан байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд, цэвэр усны нөөцийг хамгаалах зурваст аж ахуйн зориулалтаар барилга барихаар зүтгэхийн учрыг эс ухаж байна.

Ядаж Хот төлөвлөлт, хот байгуулалтын хотын стандартын баримт бичгийн 5.5-д зааснаар “Хот суурийн газрын төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс 50 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хориглолтын бүс, 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно” гэсэн стандартыг ягштал мөрдүүлмээр байна.

Та үүнийг зогсоож өгөөч эрхэм, Ерөнхийлөгч өө!

- Шинэ
- Хандалттай