“Ногоон автобусны” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 10 дугаар сарын 23-нд эхэлж, 2025.10.28-нд дууслаа. Одоо шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж дууссан тул өнөөдөр (2025.10.30) нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 10:30 цагаас шийдвэрээ танилцуулна.
Нийтийн тээврийн парк шинэчлэх зорилгоор 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК худалдан авах гэрээ байгуулж, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус, нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэвч тус компани хуучин автобус нийлүүлсэн нь илэрч, Авлигатай тэмцэх газар уг хэргийг шалгасан юм. “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан эл худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Өнгөрсөн 2 дугаар сарын 14-нд эл хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 20 гаруй хоног хэлэлцэн, 2025.04.02-нд шийдвэрээ танилцуулсан. Түүнийг эргэн сануулъя.
- Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Б.Дөлгөөн, Г.Энхтайван нар болон Ж.Эрдэнэбат, БНСУ-ын 2 иргэн, Ж.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Б.Алтаншагай, А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
- Шүүгдэгч А.Ганхуягийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулах
- Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч С.Баярсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасан, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч Түмэнжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч С.Жавхлантбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилийн хугацаагаар хасан, 3 хорих ял оногдуулах
- Шүүгдэгч А.Чойжилсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах
- Шүүгдэгч Б.Цогбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч О.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1-т зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч О.Лувсандагвад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч Э.Баярмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч Ц.Хадбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч Б.Мөнхболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч Б.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах
- Шүүгдэгч О.Хонгорзулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн.
Шүүгдэгч А.Ганхуягт оногдуулсан залилах болон албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт оноосон ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг нийтийн албанд ажиллах эрхийг 3 жил хасаж, 6 жил хорих ялаар тогтоосугай. Шүүгдэгч А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарын ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. Нийтийн албанд томилогдох эрхийг хорих ял эдэлж дууссаны дараа хэрэгжүүлэх бол хорихоос өөр ял шийтгэл авсан хүмүүсийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцно. Үүнийг шүүгдэгч нар эсэргүүцэн, давж заалдсан юм.

