Өнөөдөр МҮЭХ-ны эмч эмнэлгийн ажилтнуудын салбар хорооныхон Эрүүл мэндийн яам болоод Ажил олгогч эздийн холбоо нийлсэн 3 талт уулзалт хийж зөвшилцөлд хүрэх гэж оролдлоо. Гэвч салбарын яамнаас 2026 оны төсөвт эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг 15 хувиас илүү нэмэгдүүлэх боломжгүй гэдэг тайлбар өгснөөр үйлдвэрчний эвлэлийн холбооныхон хурлыг хаяж гарсан байна. МҮЭХ-ны эмч, эмнэлгийн ажилтнуудын салбар хорооны дарга Ч.Нарантуяа мэдэгдэхдээ: Эрүүл мэндийн яам эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн төлөө огт хөдлөхгүй байна. Өнөөдрийн 3 талт уулзалтаас цалинг үе шаттай нэмэгдүүлэх санал санаачлага гарна гэсэн хүлээлттэй байсан ч энэ талаар салбарын яам огт ажил хийгээгүйг мэдээд хурлыг хаяж гарцгаасан хэмээсэн юм.
Харин Эрүүл мэндийн яамыг төлөөлж хэлэлцээрт орсон яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын зүгээс ҮЭ-ийнхэн хэлэлцээр хийлгүй хурлыг орхин гарсанд харамсаж байгаагаа мэдэгджээ. 10-р сарын 9-ний өдрөөс эхэлж жагсаж эхэлсэн эмч нар ажил хаяна гэдгээ зарлаад байгаа энэ эгзэгтэй үед салбарын яам асуудлыг нааштайгаар эргүүлэх эхний алхмыг ч тавьж чадаагүй байгаа нь тодорхой болж байна.
Сургууль цэцэрлэг нь багшгүй болсон энэ жихүүн цаг үед өвдөөд очиход тосоод авах эмчгүй болох эрсдэл ойрхон байгааг сануулж байгаадаа хүлцэл өчье.






