ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос эрүүл мэндийн байгууллагын удирдлагын манлайлал, менежментийг сайжруулах, сахилга хариуцлага, соёл, ёс зүйн хэм хэмжээг сахих чиглэлээр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлыг хэлэлцэх, санал солилцох, зөвлөмж боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага, цаашдын чиг хандлага, ёс зүйн болзошгүй зөрчлөөс ухамсартайгаар зайлсхийх, ёс зүйтэй шийдвэр хэрхэн гаргах, төрийн албан хаагчийн ёс зүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүний эрх ба ёс зүй, эрүүл мэндийн салбарын авлига, ашиг сонирхлын зөрчлийн ерөнхий нөхцөл байдал, эмнэлгийн мэргэжилтний гэмт хэрэг зөрчилд холбогдсон байдал цаашлаад анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийн мэргэжлийн хөтөлбөр дэх ёс зүйн сургалтын чанар, хүртээмжийн талаар илтгэл хэлэлцүүлэв.
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь 2011 онд байгуулагдсан. Энэ хугацаанд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг дөрвөн удаа шинэчлэн боловсруулж батлуулж өнөөдрийг хүртэл мөрдөн ажиллаж байна. Тус хороонд сүүлийн таван жилд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, иргэдээс 600 гаруй өргөдөл гомдол ирсэн. Саяхан эрүүл мэндийн байгууллагын хэмжээнд иргэдээс судалгаа авсан юм. Уг судалгаанд, Иргэдээс та хэнд хамгийн их итгэдэг вэ гэж асуухад 82.5 хувь нь “эмчдээ итгэдэг” гэж хариулсан. Харин юунд сэтгэл дундуур байна гэсэн асуултад “эрүүл мэндийн байгууллагад, эмнэлэгт” гэж хариулсан байна. Энэ бол эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал, эрүүл мэндийн байгууллагуудын иргэдэд үйлчлэх ёс зүйн хандлага, тэгш байх зарчим зэрэгт анхаарах цаг болсныг харуулж байгаа юм. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ зөрчигдөхөд нөлөөлөх олон шалтгаан бий. Иймд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуультай уялдуулан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулах, эрх зүйн шинэчлэлийн ажлуудыг хийж байна” гэлээ.






