Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10-р сарын сүүлчийн долоо хоногийг Хартугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх Дэлхийн долоо хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Аюулгүй түвшин гэж үгүй: Хартугалганд өртөхийг зогсоохын тулд одоо арга хэмжээ ав” гэх уриан дор тэмдэглэж байна. Энэхүү долоо хоног нь иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх хартугалганы нөлөөнд анхаарал хандуулах, бага насны хүүхдийг хартугалганы хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх, будган дахь хартугалганы агууламжийг үе шаттайгаар бууруулах, зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэдэг.
Хартугалга нь Дэлхийн царцдаст оршдог хүнд метал бөгөөд бага температурт хайлдаг, саарал өнгөтэй төмөрлөг юм. Ихэвчлэн нэгдлийн байдалтай орших боловч, заримдаа дан байдлаар тохиолддог. Хартугалга хүний биед залгиур, амьсгалын замаар нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог хамгийн их гэмтээдэг. Үүний уршгаар дунд болон ахимаг настай хүмүүст цусны даралт ихсэх, цус багадах өвчин илэрдэг. Их тунгаар биед орвол тархи, бөөрийг гэмтээн, үхэлд хүргэх аюултай бол жирэмсэн эмэгтэйд зулбах, эрэгтэй хүнд үргүйдэх гол шалтгааны нэг болдог байна.
Монгол Улсын хувьд утаа, угаар, шороо, тоостой агаарт хартугалга зохист хэмжээнээс илүү тунгаар агуулагддаг тухай судлаачид анхааруулсаар байгаа юм.







