Иргэн С өөрийгөө “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэсэн шаардлагыг хангасан” гэж үзэн, 50 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ханджээ. Гэтэл НДХ “…С нь 3 хүүхэд төрүүлсэн. Харин Г-г үрчилж авсан боловч уг үрчлэлтийг 2022 онд шүүх хүчингүй болгосон тул хуулийн шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр өргөдлийг нь буцаажээ.
Үүнийг эсэргүүцэн С шүүхэд хандсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч С нь өөрөө 3 хүүхэд төрүүлсэн, мөн Г-г 6 сартайд нь буюу 2010 онд үрчлэн авчээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 онд уг үрчлэлтийг хүчингүйд тооцсон аж. Тэр хүртэл 11 жилийн хугацаанд уг хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн, одоо ч түүний асрамжид байгаа тул хуулийн шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, 3 хүүхэд төрүүлж улмаар Г-г 6 сартайд нь үрчлэн авч 11 нас хүртэл өсгөн хүмүүжүүлсэн нь хуулийн “…үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн” гэх шаардлагад нийцсэн, хожим “үрчлэлтийг шүүх хүчингүйд тооцсон” нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д заасан “өндөр наслах…хүүхэд төрүүлэх, асрах…тохиолдолд эд, мөнгөний тусламж авах” иргэний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэн, С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангажээ.

