Сангийн сайд Б.Жавхлан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев нар “Зүрх, судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн гэрээнд өчигдөр (2025.10.29) гарын үсэг зурлаа. Энэ төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг төслийн хүрээнд 120 ортой зүрх, судасны эмнэлэг барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган, ашиглалтад оруулна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев болон Улсын 3 дугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир нар уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төв ашиглалтад орсноор зүрх, судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ.
Өнгөрсөн 19 жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк манай улсад нийт 2.5 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбарт олгож, нийт 159 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшилд санхүүжилт олгоход түлхүү анхаарахаас гадна эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

