horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Туршилтын ажилчинг үндсэн ажилчнаар авахгүй байж болно

post-img

Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэгийн эрхлэгч 2025 оны 01 сарын 20-нд Б/05 дугаартай тушаал гаргаж, манаач Т-г ажлаас нь чөлөөлжээ. Т тус цэцэрлэгт туршилтаар ажиллаж байсан аж. Туршилтын 3 сарын хугацаа дууссан ч түүнийг үргэлжлүүлэн 1 сар гаруй ажиллуулжээ. Ингээд нийт 4 сар гаруй ажилласны дараа түүнийг “Туршилтын хугацаа дууссан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр түүнийг халсан байна.

Манаач Т “Ажлын дутагдал гаргаагүй. Туршилтын хугацаа дууссаны дараа жинхлэн томилогдох ёстой. Төрийн үйлчилгээний ажилтныг сонгон шалгаруулалтаар томилохгүй” гэж марган, шүүхэд хандсан байна.

Тус цэцэрлэгт манаачийн 3 сул орон тоо гарсан тул Т-г туршилтын хугацаагаар ажиллуулжээ. Т анх манаачийн ажилд томилогдох үедээ туршилтаар ажиллах болсноо мэдсэн аж. Уг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах ёстойг тухайн цэцэрлэгчийн эрхлэгч түүнд мэдэгджээ.

Ховд аймгийн Зэрэг сумын цэцэрлэгийн “Хөдөлмөрийн дотоод журам”-д сул орон тоо гарсан тохиолдолд олон нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтаар ажилтныг ажилд авахаар заажээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт явуулахад, Т оролцож, үнэлгээний дүнгээр 4-р байр эзэлжээ. Иймд цэцэрлэгийн эрхлэгч Ж эхний 3 байрт орсон иргэдийг манаачийн 3 сул орон тоонд томилж, сонгон шалгаруулалтад тэнцээгүй Т-г ажлаас чөлөөлсөн юм байна. Энэ нь хуульд нийцсэн гэж Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх үзсэн байна.

Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилгоор ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулж болдог. Энэ 3 сарын хугацаанд уг ажилтан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзвэл ажил олгогч түүнийг цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах, байнгын ажилд авах үүрэггүй.

Харин ажил олгогч Ж манаачаар Т-г 4 сар гаруй ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй аж. Гэхдээ ажилчин ажил үүргээ гүйцэтгэснээр талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64.2-т зааснаар ажилтныг туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 3 сараас илүүгүй байдаг. Уг хугацааг сунгахаар бол талууд тохиролцож, 1 удаа 3 сараас илүүгүй хугацаагаар сунгаж болдог.

Ажилтан Т-г туршилтын хугацаа дууссаны дараа манаачийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулах хүртэл үргэлжлүүлэн ажиллахыг ажил олгогч зөвшөөрчээ. Иймд талуудын эл тохиролцоог туршилтын хугацааг 1 удаа сунгасан гэж үзнэ.

Т 4 сар ажилласан тул үлдсэн 2 сарын цалинг ажил олгогчоос гаргуулан, түүнд олгуулахаар шүүх шийдвэрлэв. Манаачийн ажилд эргүүлэн томилуулахыг хүссэн Т-н нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгожээ.

0/1000