Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэлд үндэслэн, 10 дугаар сарын 23-30-ны хооронд хянан хэлэлцэв. Ингээд гаргасан шийдвэрээ өнөөдөр танилцууллаа.
Шүүхийн шийдвэр:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Г.Энхтайван, Г.Мишээлт, Ж.Сүхбаатар, БНСУ-ын иргэн Ли Жон Соб /Lee JungSeob/ Ким Кэа Баум /Kim KeaBaum/, Б.Алтаншагай, Ч.Мөнхбаяр, Ц.Болортуяа нарын 9 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан. Шүүгдэгч С.Жавхлантбаатар, С.Бямбасүрэн нарыг гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын энэ хэсгүүдийг хэвээр үлдээв.
2. Шүүгдэгч А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, А.Чойжилсүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, Б.Баярмаа, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, О.Лувсандагва, О.Сүхбаатар, О.Хонгорзул нарын 13 хүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцохдоо хууль зүйн дүгнэлтийн зарим хэсэг нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн, холбогдох хэсгүүдэд зохих өөрчлөлт орууллаа. Тодруулбал:
– Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын А/157 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох шүүгдэгч Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарыг “Тэнүүн-Огоо” ХХК-иас их багтаамжийн дизель автобусны хөдөлгүүр “..DE08TIS DIESEL (240PS)..” гэж евро-2 стандартын хөдөлгүүртэй санал ирүүлсэн буюу техникийн тодорхойлолтын 6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байгааг огт шалгаж үзэлгүй шийдвэр гаргасан, уг шийдвэрийг гаргахад С.Жавхланбаатар нөлөөлсөн гэж анхан шатны шүүх дүгнэжээ. Ингэхдээ тэд зориуд санаатайгаар уг нөхцөл байдлыг шалгаж үзээгүй, тэдэнд хэн нэг этгээд нөлөөлсөн, мэдсээр байж “Тэнүүн-Огоо” ХХК-д давуу байдал бий болгосон гэж үзэх баримт, үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй.
Харин шүүгдэгч Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын техникийн тодорхойлолтын 6 дахь хэсэгт заасан үзүүлэлтийг “..Дизель турбо евро III, нэмэлт хэсэгт DE08TIS DIESEL (240PS, Евро III)” гэж евро-2 хөдөлгүүрийн DE08TIS DIESEL моделийг бичиж ирүүлснийг шалгаж тодруулаагүй нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбатыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 50 дугаартай албан бичиг үйлдэж, тодруулгад дурдсан бүх шаардлагыг хангана гэсэн агуулгаар албан бичиг хүргүүлж, ажлын хэсгийн гишүүдийг өөрийн компанийг сонгон шалгаруулахад зориуд хүргэсэн гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэж прокурор яллаж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр гэм буруутайд тооцсон. Тухайн албан бичгийн агуулгаас үзэхэд техникийн тодорхойлолтын 6 дахь шаардлагад буюу Евро-2 хөдөлгүүрийн модель хэсэгт тодруулга аваагүй, энэ талаар тодруулга өгөөгүй байгаа учир уг албан бичиг үйлдснээр сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдэд нөлөөлж давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгч Ж.Эрдэнэбатад холбогдох хэргээс уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
– Залилах гэмт хэргийн хувьд, прокуророос Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж яллагдагчаар татсан бөгөөд анхан шатны шүүх Ли Жон Соб, Ким Кэа Баум, Ж.Эрдэнэбат нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгаж, шүүгдэгч А.Ганхуягийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цогц байдлаар үнэлж дүгнэхэд, Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэд болох “Иктае” ХК /Iktae Co.,Ltd/-ын ерөнхийлөгч Ким Кэа Баум /Kim Kea Baum/, “Воннам Жи Эл Эс” ХК /Wonnam GLS Co.,Ltd/-ын захирал болох Ли Жон Соб /Lee Jung Seob/, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын нэгдсэн үйлдлийн үр дүнд евро 2 хөдөлгүүр бүхий автобуст “Adblue” төхөөрөмжийн банк суурилуулаад, евро 5 гэсэн бичиглэл бүхий наалт наасан нөхцөл байдал тогтоогдож байх боловч энэ нь өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө ашиг олох шунахай сэдэлтээр, хариу төлбөр хийхгүй, буцаан өгөхгүй байх санаа зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. Харин шүүгдэгч “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг нь нийслэлийн ЗДТГ-тай байгуулсан гэрээгээр өөртөө олж авсан давуу байдлаа хамгаалах зорилгоор стикер наах, хүхрийн агууламж бууруулах зориулалтын төхөөрөмж суурилах үйлдэл хийж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг эрх ашигт халдаж, нэг төрлийн хохирол, хор уршигт хүргэсэн байна.
Мөн, яллаж буй үндэслэлд дурдсан зөвхөн евро 5 хөдөлгүүртэй автобусанд суурилуулах төхөөрөмж байсан гэж дүгнэх нотлох баримт эргэлзээгүй тогтоогдоогүй, талуудын гэрээ дүгнэсэн байдлаас үзэхэд гэрээний зарим хэсгийг хэвээр үлдээсэн, зарим хэсэгт хугацаатай үүрэг өгсөн, зарим хэсгийг хэсэгчлэн цуцалсан байх бөгөөд захиалагч талаас гэрээ цуцлагдсан хэсгээр хохирлыг тооцон акт үйлдэж гаргуулан авсан байх тул шүүгдэгч А.Ганхуягт холбогдох хэргээс уг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
– Нийтийн тээврийн газрын даргын А/65 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, О.Лувсандагва, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Б.Баярмаа нарыг анхан шатны шүүхээс албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаад “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлж буй 20 автобусыг техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй байхад хүлээн авч, “Тэнүүн Огоо” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Учир нь аливаа гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцоход үйлдэл хийхээсээ өмнө урьдчилан амласан байхыг шаарддаг бөгөөд дээрх ажлын хэсгийн гишүүд нь А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Жавхлантбаатарт нартай урьчилан тохиролцсон амлалт өгсөн, тэдгээртэй хуйвалдаж хэрэгжүүлсэн гэж үзэх үйл баримт, үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Харин, шүүгдэгч Б.Мөнхболд, Д.Цогтбадрах, О.Лувсандагва, А.Чойжилсүрэн, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Ц.Хадбаатар, Б.Баярмаа нар нь А/65 дугаартай ажлын хэсгийн гишүүнээр томилогдон ажиллаж байхдаа ажил үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй буюу сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллах үүрэг хүлээсэн хэдий ч дээд албан тушаалтны шийдвэрт тал засах, бусдад хэт найдах зэргээр үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжээр өөрсдийн оролцоог хангасан болгож, 20 ширхэг автобус хүлээн авсан хурлын тэмдэглэл, актад гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шатны шүүх дүгнэж, тухайн зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.
– Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар иргэд шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох үндсэн эрхтэй тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүх хуралдааны танхимын түрээс 26.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулсан хэсгийг хүчингүй болгов гэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа мэдээллээ.

