horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Дэлгэрсайхан: 2026 онд төсвийн хөрөнгөөр шинэ зам тавихгүй

post-img

2026 оны төсвийн хамгийн их хөрөнгө оруулалт зам тээврийн сайдын багцад байгаа тухай гомдол бусад салбараас их гарч байна. Энэ талаар салбарын сайд Б.Дэлгэрсайханаас тодрууллаа.

-Танай салбарт 2026 оны төсөвт хэдэн төгрөг суулгасан юм бэ?

-Анх 2,4 их наяд байсан юм. Одоо 958 тэрбум болтлоо буураад байна. Гэхдээ ахиад буулгана гэнэ. Ерөөсөө хуучин тавиад эхэлсэн дуусаагүй замууддаа л мөнгө тавих юм байна.

-Хэд хүрнэ гэсэн үг вэ? Танай яамны ирэх жилийн хөрөнгө оруулалт?

-Ерөөсөө л 2026 онд шинэ зам барихгүй гэж ойлгоход болно. Засварын зардлыг Зам тээврийн яам өөрөө олж байгаа. Өнгөрсөн засгийн газрын 77-р тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүн ачсан машинаас 150 мянган төгрөгийн төлбөр хураамж авч байгаа. Энэ мөнгө замын санд боломжийн хуримтлал үүсгэж байна. Энэ мөнгөөрөө бид нар замаа заснаа л гэж төлөвлөсөн.

-Яагаад танай яамны хөрөнгө оруулалтыг ингэж танах болсон юм бэ?

-Төсөв хүнд байна шүү дээ. Эхний ээлжинд нэн чухал хэрэгцээтэй асуудлаа шийдэх нь чухал. Эдийн засаг гайгүй болчихвол замаа барьж болно шүү дээ.

-Та хөрөнгө оруултаа хасуулж байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа юм уу?

-Зөвшөөрөхөөс өөр аргагүй.

-Хасагдсан замаас ач холбогдол өндөр төслүүд байв уу? Олон улсын зам гэдэг ч юм уу?

-Бид олон улсын чанартай замуудыг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр болсон. Ганцхан жишээ дурдахад Замын-Үүд, Чойрын чиглэлийн автозамыг бид төр хувийн хэвшлийн түншлэлээр олон улсын тендер зарласан. 11 компани орж ирснээс 3 компани шалгарчихсан. Бичиг баримтыг нь манай комиссынхон үзэж байгаа байх. Цаашдаа ер нь энэ том замуудыг төсвөөс барихыг нь зогсоогоод төр хувийн хэвшлийн түншлэлээр л баридаг болъё гэж байгаа. Олон улсад байдаг жишиг. Сайн зам дээр төлбөр төлөөд явдаг л хууль бий.

-Түгжрэлийг бууруулах, Туулын хурдны замын санхүүжилт байгаа юу?

-Тэр нийслэлийн зам мамыг манайтай холиод байдаг юм аа. Зам тээврийн яамд ямар ч хамаарал байхгүй.

-Одоо хуваарилагдаад байгаа 958 тэрбум төгрөгийг юунд зарцуулах юм бол?

-Тэрийг төсвийн байнгын хорооны даргаас асуу тэгэх үү? Надад мэдээлэл алга

-Дархан-Алтанбулаг чиглэлийн замын тухайд?

-Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг мөн ялгаагүй төр хувийн хэвшлийн түншлэлээр барихаар ярьж байна. Босоо тэнхлэгийн зам чухал уу гэвэл чухал. Гэхдээ улсын төсвийн хөрөнгөөр ийм том замыг барина гэдэг үнэндээ хүнд шүү дээ. Ер нь цаашдаа автозамын бодлогыг би ярилаа. Том замуудаа төр хувийн хэвшлийн түншлэлээр бариад, тэр зам төлбөртэй байдаг зарчмаар л явъя. Тэгэхгүй бол төсвийн мөнгийг энд тэнд аваачиж булдаг. Тэр зам нь хэдхэн жилийн настай. Засна гэж баахан мөнгө зардаг ийм л зарчмаар явж байна. Харин хувийн хэвшилд өгчихвөл тависан хүн нь тэр замаасаа төлбөр авахын тулд байнга сайжруулаад засаж сэлбээд явдаг эд шүү дээ.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000