horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Ганхуяг: Цалинг нэмэхийн тулд нэмж орлогын эх үүсвэр олоод төсвийн тодотголоор оруулж ирэхээс өөр сонголт байхгүй

post-img

УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягаас төсвийн хэлэлцүүлгийн талаар тодрууллаа.

-Багш, эмч нарын цалинг нэмэхийн тулд төсвөөс ямар ямар зардлыг хасаж байна вэ?

-Төсөв эцэслэгдэж боогдоогүй учраас яг аль аль зардлыг хасаж байгаа талаар одоо хэлэх боломжгүй байна. Засгийн газраас цалин тэтгэврийн нэмэгдлийг оруулаад төсвийн хуулиа өргөн барих ёстой байдаг. Гэвч 2026 оны төсөв өргөн баригдсаны дараа цалин нэмэгдүүлэх эх үүсвэр гаргах шаардлага үүслээ шүү дээ. Энэ мөнгө нь тэгээд төсөвт маш их орон зай эзлэхээр байна. Тэгэхээр хаанаас яаж хөдөлгөж болох талаар сайд нараас нь саналыг нь аваад л ирэх даваа гаригаас ажлын хэсгийн хурал дээр саналууд хураагдаад явна. Одоогийн байдлаар багцалж боож дуусаагүй байна.

-Багш эмч нарын цалин хэдэн хувиар нэмэгдэх боломж одоогоор харагдаж байна вэ?

-Одоо орж ирсэн энэ төсвөөр бол нэмэгдүүлэх боломж байхгүй. Мөнгө хэвлэх үү эсвэл бүх юм аа зогсоох уу гэдэг нөхцөл үүсээд байна. Өмнө нь хэвлэлийн хурал хийхдээ Засгийн газраас 20 хувь нэмье, оны дундуур ахиад 10 хувиар нэмье гээд. Эмч, эмнэлгийн байгууллагуудын цалинг 15 хувиар нэмнэ, тэтгэврийг 8,6 хувиар, халамжийн тэтгэврийг 8,6 хувиар нэмнэ гэсэн санаачлага дээр л одоо ажиллаж байна. Үүнээс цааш нэмэх асуудлыг бол ирэх жилийн Бор тээгийн асуудал, нүүрсний хулгайтай тэмцэх тухай яриад байгаа асуудлуудаа шийдээд, уул уурхайн шинэ төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулаад, Оюу толгойтой хийх хэлэлцээрээ шуурхайлж байж энэ бүхнийхээ үр дүнд тулгуурлаж ахиад цалин мөнгө нэмэх асуудлаа оруулж ир гэдэг чиглэл л өгөгдөнө гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбартай засгийн газрын хийх хэлэлцээр дуусаагүй явж байна. Энэ хэлэлцээр нь хаана очиж, юун дээр дуусахыг мэдэхгүй байгаа болохоор төсвийн тодотголоороо л цалин нэмэх асуудлуудаа өргөн бариарай гэдэг чиглэл өгөгдөнө гэсэн үг.

-Одоо байгаа эх үүсвэрээс нэмэх боломжит дүнг хэлэх боломжгүй юу?

-Тийм мөнгө харин байхгүй. Тийм болохоор л тодотголоо өргөн барихдаа цалин илүү нэмэх асуудлаа оруулж ир гэж байгаа юм. Харин тодотголоо оруулж ирэхээсээ өмнө тэр мөнгөний эх үүсвэрүүдээ тодорхой болгох ажлаа шуурхайлах шаардлага үүсээд байна. Их том мөнгөн дүнтэй хулгай яриад байгаа шүү дээ. Тэр хулгайтайгаа тэмцээд тэр мөнгөө оруулж ирээд багш нарын цалинг 1000 долларт хүргэх боломж нь бүрдвэл тэгээд оруулаад ир л гэхээс өөр арга байхгүй. Яг үнэндээ одоо өргөн барисан байгаа төсөвт цалинг илүү нэмэх мөнгө байхгүй байгаа.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000