horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Уул уурхайн компаниудаар наадам ивээн тэтгүүлэхээ больж, нөхөн сэргээлт хийлгэхийг шаардав

post-img

Говь-Алтай аймгийн ИТХ 2025.10.29-нд Есөнбулаг суманд “Уул уурхайн аж ахуйн нэгжүүд нутгийн захиргааны байгууллагатай 2023-2025 онд байгуулсан гэрээний хэрэгжилт, үр дүн” сэдэвт нийтийн сонсгол өнөөдөр зохион байгууллаа. Уг сонсголоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудтай байгуулсан гэрээ, түүний хэрэгжилт, үр дүнг ил тод, нээлттэй хэлэлцэв. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын зөвлөлийг тус аймаг байгуулсан ч суманд дэд зөвлөл байгуулаагүй байгаа аж.

Тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын 131 тусгай зөвшөөрөл олгожээ. Үүнээс үйл ажиллагаа явуулж байгаа 16 аж ахуйн нэгж, 100 гаруй иргэн, нийтийн албан хаагч, иргэний нийгмийнхэн уг сонсголд оролцов. Уг сонсголд Говь-Алтай аймгийн ЗДТГ, харьяа хэлтэс, агентлаг, Төрийн аудитын газар, сумдын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцож, иргэдэд мэдээлэл өглөө.

Нийтийн сонсголын тухай хуулийн 9.3-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага төсвийн хяналтын нийтийн сонсголыг жил бүр зохион байгуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу эл сонсголыг хийжээ.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй аймаг, сумын засаг дарга нар нийгмийн хариуцлагын гэрээ байгуулдаг ч уг гэрээнд тусгасан үйл ажиллагаа хэрэгжсэн эсэхийг мэдээлдэггүй, иргэдэд тайлагнадаггүй юм байна. Уг нь нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахын өмнө иргэдээр хэлэлцүүлж, түүнд тусгах шаардлагаа тусгавал ил тод, нээлттэй болно гэдгийг уг сонсголд оролцогчид хэлж байна.  

Засаг дарга нар уул уурхайн компаниудаар аймаг, сумын наадам, ойн баяр ивээн тэтгүүлэх, оюутны сургалтын төлбөр төлүүлэх зэрэг асуудлаа шийдүүлдэг. Тухайн нутгийн малчид өвөлжөө янзлуулах, худаг засуулах гэх мэт ажлаа уул уурхайн компаниудаар хийлгэдэг. Энэ мэт жижиг ажил хийлгэдгээ больж, байгаль орчин нөхөн сэргээх, мод тарих, зам тавих, цахилгаан татах зэрэг олон нийтийн эрх ашигт нийцсэн асуудлаа шийдүүлдэг болох хэрэгтэйг уг сонсголд оролцогч иргэд шаардав. Хаана, ямар компани юуны хэдэн лиценз авсныг ил тод болгох, нийгмийн хариуцлагын ажлыг тухайн суманд хийлгэдэг байхаар уг сонсголоор тус аймгийнхан тохирчээ.

0/1000