НҮБ-ын Хүүхдийн сан, Боловсролын яам хамтран “Багийн бага сургууль” санаачилгыг энэ онд эхлүүлсэн. Уг санаачилгыг “Хаан” банк, “Номин холдинг” групп дэмжиж, хөрөнгө оруулалт хийснээр Төв, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн багуудад бага сургууль байгуулж байна. Алслагдсан багуудад хүүхдийн гэрт ойр, хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон орчин бүхий бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулах зорилготой юм. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилтуудад нийцсэн, чанартай, хүртээмжтэй, тэгш хамруулсан боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэх боломж бүрдэх юм.

2025 оны 7 дугаар сард албан ёсоор эхэлсэн тус санаачилгын хрээнд одоогийн байдлаар нийт 5 багт бага сургууль барьж байна.
Бага сургуультай болж буй бага сургууль
- Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 дугаар анги
- Увс аймгийн Давст сумын Хилийн цэргийн 0245 анги, Боршоо боомт
- Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр баг
- Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг баг
- Хөвсгөл аймгийн Ринчэнлхүмбэ
Багийн бага сургуулиудад ажиллах багш нарыг чадавхжуулах сургалт өнөөдөр БЕГ-т эхэлж байна. Сургалтад “Багийн бага сургууль” санаачилгад нэгдээд буй аймаг, сургуулийн багш нар болон Боловсролын хүрээлэн, Боловсролын ерөнхий газар, МУБИС-ийн сургагч багш, судлаачид оролцож, холимог бүлгийн сургалтын онол арга зүй болон цахим сургалтын арга барилд суралцаж байна.
Одоогоор улсын хэмжээн дэх 1,575 багийн ердөө 44 нь бага сургуультай. НҮБ-ын Хүүхдийн сангаас хувийн хэвшилтэй хамтран 2027 он гэхэд 60 орчим багт бага сургууль байгуулж, бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэртэйгээ ойр, орон нутгийн дэмжлэгтэй орчинд суралцах боломж бүрдүүлэхээр зорьж байна.

