Ажил хаяад 3 дахь долоо хоногтойгоо золгож байгаа багш нарын цалинг үе шаттайгаар нэмэх хэлэлцээрийг МҮЭХ, Засгийн газар хийжээ. 2026 оны намартаа багтааж 76 хувиар нэмж 2,8 сая төгрөгийн үндсэн цалинг багш нар гар дээрээ авахаар болж байна. Харин 2027 оны 1-р сараас эхлэн 3,5 сая төгрөгт хүргэнэ гэж Монголын төр багш нарынхаа өмнө амлалт өгч, үүрэг хүлээлээ. Засгийн газрын энэхүү амлалтыг парламентын олонхын бүлэг дэмжинэ гэдгээ илэрхийлж, төсвийн байнгын хорооны дарга төсөвт санхүүгийн эх үүсвэрийг шингээх ажлын хэсгийг ахлахаар боллоо. Монгол хүүхдийн сурч боловсрох эрхийг нийтээр нь зөрчсөн багш нарын ажил хаялтыг их хурал дахь намууд үргэлжлүүлэхгүйн тулд багш нарын цалингийн нэмэгдлийг баталж өгөх үүрэг хүлээж байна.
Харин ажил хаяж эхэлсэн эмч нарын цалин энэ удаа анхаарлын гадна орхигджээ гэж хэлж болно. Тодруулбал эрх баригчдын зүгээс багш нарынхаа шаардлагыг шаталсан байдлаар хүлээн авсан ч эмч нарт сарын өмнө санал болгосон 15 хувийн нэмэгдлээс өөр нэмэлт санхүүжилт санал болгосонгүй. Засгийн газраас эмч нарын цалинг 15 хувиар нэмнэ гэдэг шийдвэрийг анх танилцуулсан өдрөөс эхэлж, эмч нар Сүхбаатарын талбайд жагсаж, суулт хийж эхэлснийг сануулах нь зүйтэй болов уу. 15 хувийн нэмэгдэл амьдралд нь хүрэхгүй хэмээн эсэргүүцэн жагсаж байгаа эмч нарын цалинг илүү нэмэхгүй хэмээн төр шийдэж байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгож байж, эмч нарынхаа цалинг 3,5 сая хүргэе” хэмээн төөрүүллээ. Сайдын амнаас гарч байгаа энэ амлалт хэрэгжих магадлал маш багатай, улстөрчийн амлалт гэдгээрээ их хортой.
Эцэстээ тангараг өргөсөн эмч нарынхаа цалинг энэ удаа төр хойш нь тавих сонголт хийв. Хүний амь аврахын төлөө цаг наргүй ажилладаг эмнэлгийнхний цалин бараг бүх салбарынхнаас бага гэж хэлэхэд буруудахгүй. Тодруулбал гурав дахь шатлалын киникийн эмнэлгийн даргын үндсэн цалин 2 сая төгрөгт хүрдэггүй гээд бодохоор Монголд эмч нарын хөдөлмөрийг хэрхэн үнэлж байгааг харж болно.
2026 оны төсөвт ерөнхийлөн захирагч бүрээс 10-13 хувийг суутгаж байж, багш нарын цалингийн 50 хувь, эмч нарын цалингийн 15 хувь, тэтгэврийн 8.6 хувийн нэмэгдлийг гаргахаар төлөвлөж байна. Зөвхөн эдгээр нэмэгдэлд нийлээд 1,1 их наяд төгрөг шаардлагатай байгаа юм.
Ямартай ч монгол хүүхдүүд тун удахгүй сургууль, цэцэрлэгтээ хамрагдах боломж бүрдэх нь. Гэхдээ хахир өвлийн хүйтэн хаяанд ирсэн энэ өдрүүдэд монголчууд нийтээрээ хандах эмнэлэггүй, өвдөх эрхгүй болж үлдэх эрсдэл ойрхон байгааг сануулж байгаадаа уншигч танаас хүлцэл өчье.

