Багш нарын ажил хаялт өчигдрөөр дуусгавар болж, хичээл сургууль маргаашнаас эхлэхээр боллоо. Мэдэгдэлтэй зэрэгцэн багш нар эсэргүүцлээ илэрхийлэв. Гэсэн ч бүх сургууль, цэцэрлэг маргаашнаас албан ёсоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.
2026 оны намартаа багтааж, 76 хувиар нэмсэн 2,8 сая төгрөгийн үндсэн цалинг багш нар гар дээрээ авна. 2027 оны 1-р сараас эхлэн 3,5 сая төгрөгт хүргэнэ гэж Засгийн газар багш нарт амлалаа.
Үйлдвэрчний эвлэлийн хэлэлцээр хууль ёсных байсан уу, эсвэл дур мэдэн байгуулсан уу гэдэг асуулт харин хариу нэхэн үлдэх шиг боллоо. Хамтын хэлэлцээр байгуулахдаа анхан шатны үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаасаа асуугаагүй, багш нараас санал аваагүй гэсэн шүүмжлэл сошиалд хүчтэй давалгаалж байна.
Хэд хэдэн сургууль 3 дахь өдөр хичээл эхлэхгүй гэж мэдэгдсэн ч тэд ажлаа хийнэ. Учир нь Үйлдвэрчний эвлэлийн хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар албан ёсны ажил хаялт хэлэлцээр хийснээр дуусгавар болдог зохицуулалттай. Тэгэхээр багш нар ажил хаях эрхгүй, заавал хичээлээ заана.
Харин багш нарыг төлөөлж буй үйлдвэрчний эвлэлийг хууль бус хэлэлцээр хийсэн гэж үзэн Г.Цогтгэрэл даргыг огцруулж болно. Зарласан хайраа үнэнч эсэхийг шалгуулах эрх нээлттэй юм байна, багш нар аа!
Монгол Улсын үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийн 7.1-т “Үйлдвэрчний эвлэл нь гишүүдийнхээ хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалах зорилготой” гэж заажээ.
12.1.1. Эвлэл нь гишүүдийнхээ өмнөөс хамтын хэлэлцээр хийхдээ гишүүдийнхээ саналыг авч, тэдний эрх ашигт нийцүүлэн хэлэлцээр хийх үүрэгтэй.
13.1.3. Үйлдвэрчний эвлэлийн удирдлага нь гишүүдийн итгэл, мандатад үндэслэн ажиллах бөгөөд “төлөөлөх эрхээ хэтрүүлэх” нь зөрчилд тооцогдоно.
Багш нарын олонх дэмжээгүй, үйлдвэрчний эвлэл санал асуулга авч зөвшилцөлгүйгээр Засгийн газартай хэлэлцээр хийсэн гэж багш, ажилчид үзвэл дараагийн шатны арга хэмжээ авах эрх нь нээлттэй юм байна. Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга буюу төлөөлөгч хэлэлцээр хийхдээ хууль зөрчсөн бол дараах хариуцлага хүлээж болдог.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд
46.7. Хамтын хэлэлцээр, гэрээ байгуулах, түүнийг хэрэгжүүлэхэд оролцогч талууд хууль, бусад эрх зүйн актад нийцүүлэн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
46.8. Хэрэв талууд (үүнд үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч орно) хууль зөрчиж хэлэлцээр байгуулсан бол тухайн хэлэлцээрийн хууль зөрчсөн хэсэг хүчингүйд тооцогдоно.
Зөрчлийн тухай хуулиар:
Хууль бус хэлэлцээр, ажил олгогчид эсвэл ажилчдад хохирол учруулсан бол:
- Иргэнийг 500 нэгж (≈500,000 төгрөг хүртэл)
- Албан тушаалтныг 1500 нэгж (≈1,500,000 төгрөг хүртэл)
- Хуулийн этгээдийг 15,000 нэгж (≈15 сая төгрөг хүртэл)
торгох шийтгэл оногдуулж болно.
3. Хэрэв санаатайгаар хуурамч эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй хэлэлцээр хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж ч болдог.

