Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар огцруулж, Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудал парламентын түвшинд яригдаж байна. Энэ сэдвээр их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага тооцох асуудлыг маргааш их хурал хэлэлцэх нь. ҮХЦ-ийн шийдвэр парламентын гишүүн Х.Булгантуяад хэмээн гарсан. Гэтэл их хурлын дэд даргаас чөлөөлсөн нэрээр гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндөхгүйгээр үлдээх шинжтэй болоод явчихав уу?
-Хэн ч байсан Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Энэ бол 1-р зарчим. УИХ-ын гишүүн тангараг өргөдөг. Тэр тангарагаа бид үндсэн хуулин дээр гараа тавиад зөрчихгүй ээ хэмээн амладаг. 2019 оны 11 сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах үеийн протоколыг харсан. Тэнд гишүүнийг ямар тохиолдолд эргүүлэн татах тухай асуудлыг хөндсөн байна лээ. Эргүүлэн татна гэдэг зүйлчлэлийг нарийвчилсан байдлаар үндсэн хуульд оруулах уу гэдэг асуудал яригдсан байсан. Энд дурдсанаар бол үндсэн хуульд тусгагдсан өргөсөн тангарагаасаа няцаж, үндсэн хуулийг зөрчсөн бол гэж оруулсан нь аль ч тохиолдолд ойлгомжтой томьёолол. Нөгөө нь бол гэмт хэрэгт холбогдсон бол гэдэг агуулгаараа байгаа юм. Мэдээж Х.Булгантуяа бид хоёр бол найзууд. Тэр өдөр ёс зүйгүй аашилсныг нь би хэвлэл мэдээллээр хэлсэн шүү дээ. Ер нь УИХ-ын гишүүдийг аль нэг тал гэж хуваамааргүй байгаа юм. Бид аль нэг тал гэсэн ойлголтыг гааруулж болохгүй. УИХ-ын хуралдаанд орж ирэхгүй байгаа нь нөгөө талд гарчихсан гэдэг ойлголтоор хандаад байгаа байхгүй юу. Миний хувьд үндсэн зарчмаа л баримталсан. Би тэр өдөр үндсэн хууль зөрчмөөргүй байсан. Тэр утгаараа бид үндсэн хуулиа, бусад хуулиудаа ч чанд дагаж мөрдөх ёстой. Бас нэг заавал дурдах ёстой асуудал бол байнгын хорооны дэмжээгүйг дэмжье гэдэг саналын томьёолол бол маш их төөрөгдөл үүсгээд байгааг хаврын чуулганы үед М.Бадамсүрэн гишүүн хангалттай сануулж байсан. Асуудал нэгэнт Үндсэн хуулийн цэцэд очиж асуудал шийдэгдсэн учраас хуульд өөрчлөлт оруулъя гээд М.Бадамсүрэн нарын гишүүд хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар ажиллаж байна.
-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад хариуцлага ярих далбаан доор Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарт хариуцлага тооцохгүй юм уу гэдэг хүлээлт нийгэмд үүсээд байна?
-Төрийн захиргааны албан хаагчид төрийн албаны тухай хуулиар хариуцлага яригдаад явах байх. Хариуцлага тооцох албан тушаалтан гэж бий шүү дээ. Тэд нар нь тооцоод явах байх гэж бодож байна.
-Хариуцлага тооцох субьект нь ямар албан тушаалтан байх бол?
-УИХ-ын тамгын газрын даргад хэн хариуцлага тооцох ёстой юм бэ? Тэр нь л тооцно гэсэн үг.
-УИХ-ын дарга гэсэн үг үү?
-Би мэдэхгүй байна. Хэн хариуцлага тооцдог юм бол?
-МАН сонгуулийн үеэр жагсаалтын гишүүдээ эрэгтэй эмэгтэйгээр нь солбиж жагсаалтаа гаргаж байсан. Тэр зарчмыг УИХ-ын даргын томилгоонд баримталж УИХ-ын дарга эрэгтэй хүн учраас дэд даргыг эмэгтэй хүн байхаар томилж байсан санагдаж байна. Х.Булгантуяагийн оронд их хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг томилох гэж байна. Уг нь эмэгтэй гишүүнд очих учиртай албан тушаал юм биш үү?
-УИХ-ын дэд даргаар эмэгтэй хүн томилоход тухайн үедээ бид их талархалтай хүлээн авч байсан. Х.Булгантуяа бол Социалдемократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч. Тухайн үед ямар үндэслэл ярьж томилж байсныг би тодорхой мэдэхгүй байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа


