Багш нарын цалин нэмэхэд инфляц өсөж, төгрөгийн бусад валюттай өрсөлдөх чадвар шалдаа бууна хэмээн эдийн засагчид хэлж байна. Багш нарын цалин 76, эмчийнх 15, тэтгэвэр 8,6 хувиар өснө.
Эдийн засаг хэвийн үргэлжилж байгаа үед цалин нэмэх нь эдийн засгийг сэргээж, эерэг нөлөө үзүүлэх талтай. Харин өнөөдрийн Монгол Улсад үүссэн нөхцөл байдлын тухайд эсрэгээрээ байж, мөнгөний нийлүүлэлт дагалдвал бараа бүтээгдэхүүний үнэ зайлшгүй өсөх нь.
Нэг их наяд төгрөгөөр цалин нэмэхэд инфляц 1-1.5 хувиар өсөх тооцоо бий. Улсын төсөв тасалдсан, цалин нэмэх мөнгөгүй, 2026 оны төсвөө баталж чадаагүй байгаа энэ үед багш, эмч нарын цалинг нэмж, улсын төсөв, урсгал зардалд нөлөөлөн, инфляцын дарамт үүсгэх нь гарцаагүй боллоо.
Ийм үед Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулдаг. Зах зээлээс мөнгөө татна. Зээл олгохоо багасгана. Иргэдийн гар дээр мөнгө тавих бүх боломжийг хаана. Ерөөс авч хэрэгжүүлэх гол арга хэмжээ нь өөрийн өндөр хүүтэй бонд гаргаж “шахах” байх. Монголбанк өөрийн өндөр хүүтэй зээлээ банкуудад санал болгосноор банкууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд зээл олгохоо багасгадаг. Үр дүнд нь эдийн засгийн тэлэлт аажимдаа буурч, мөнгөний өрсөлдөх чадвар унана, агшина.
Цалин нэмснээр худалдан авах чадвар хэсэг хугацаанд сайжирч, эдийн засаг дахь нийт эрэлт хэсэгхэн зуур нэмэгдэх тул ихэнх бараа, үйлчилгээ, хоол, гэр ахуйн бараа богино хугацаанд эрс зарагдана. Яваандаа эл хөөс хагарна. Тиймээс цалин нэмснийг дагаад үнэ нэмэгдэж, дарамт ирэх нь цаг хугацааны асуудал боллоо.
Зардал өсөхийн хэрээр үүнийгээ нөхөхийн тулд төр санхүүжилтээ зээлээр эсвэл татвар нэмэх байдлаар нөхөх гэж үзнэ. Энэ тохиолдолд инфляцын дарамт өнөөдрийн цалингийн өсөлтийг үгүй хийх нь байна.
Уг нь багш нарын цалин нэмэхэд ажлын бүтээмж, үйлчилгээний чанарыг сайжруулна. Жишээ нь, нэг хүүхдэд ногдох урсгал зардлыг өсгөх замаар асуудлыг шийдсэн бол зардал өсөхгүй. Улмаар үнэ өсөлт бага байж болох байлаа. Одоогийн үүссэн нөхцөлд цалингийн нэмэгдлээ мөнгө хэвлэх, гадаад өр зээл тавих, төсвийн бусад салбараас таналт хийх замаар шийдвэл эдийн засагт үлэмж дарамт үүсгэхээр байна.
Үр дүнд нь багш, эмч нарын нарын хөлд бусад салбарынхан үрэгдэж, талхны үнэ нэмэгдэж, зээл өгөх банк байхгүй болно.

