Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны ээлжит хэлэлцээ Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд ХБНГУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын шинэчлэлийн зорилтуудыг дэмжих, уламжлалт хамтын ажиллагааны чиглэлүүд болох биологийн олон янз байдал ба байгаль хамгаалал, боловсрол ба хөдөлмөр эрхлэлт, уур амьсгал ба эрчим хүчний салбарт нийт 43.1 сая еврогийн санхүүжилт олгохоор болов.
Хэлэлцээний онцлог нь Монгол Улс, ХБНГУ стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнтэй холбоотойгоор хөгжлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар талууд санал нэгдлээ. Цаашид Германы Засгийн газрын санхүүжилтийн шинэ арга хэрэгсэл, хөрөнгө оруулалтын механизмыг Монгол Улсад нэмэгдүүлэх, хоёр талын бизнес, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаар тохиролцлоо.

