Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө хордуулж алахаар 3 удаа оролдоод баригдсан Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэн, 4 хүүхдийн эх О болон түүний нууц амраг Ц нар Улсын дээд шүүхэд ханджээ. О-ийн өмгөөлөгч ялыг нь хөнгөрүүлэх, Ц-ийн өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргажээ. Тэдэнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ оны 10 дугаар сарын 8-нд хянасан байна.
Нууц амрагтайгаа нийлж, нөхрөө алах зорилгоор ундаанд хулганын хор, архинд хүнсний зориулалттай цагаан цуу буюу уксус хийж өгсөн хэрэг 2024 онд гарсан юм. Тэд 9-р сарын 6-ны өдөр ундаанд хулганын шингэн хор хийж, Б-д уулгасан бол маргааш нь архинд уксус хийж өгчээ. Б-гийн хамраас гэнэт их цус гарч, бие нь муудан 9-р сарын 11-24-ний Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Эхнэр нь нөхрөө сахиж байхдаа дуслын шингэнд нь уксус хийжээ.
Б-г Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ах дүүс нь энэ хэргийг санаандгүй мэдэж, Б-г Улаанбаатарт авчран, Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлснээр аварчээ. Түүнийг 2024 оны 10-р сарын 8-нд Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж, хордлого тайлах, цус бүлэгнэлтийн алдагдлыг засах, цус багадалт засах, эрхтэн систем хамгаалах эмийн болон хоол эмчилгээ хийсэн байна. “Bromadiolone” гэх нэршилтэй бодис буюу хулганын хор уусан хүн богино хугацаанд хурц цус алдалтад орж, амиа алдах өндөр эрсдэлтэй. Хулганын хор уусан хүний цус бүлэгнэхээ больдог. Өвчтөний хамраас их хэмжээний цус алдсанаас бие нь хүндэрсэн аж. Дээд шатны эмнэлгийн тусламж хурдан аваагүй бол амиа алдах байсан гэнэ.
Б “2023 оны намар намайг гэрийн гадаа мотоциклоо янзлаад сууж байтал эхнэрийн утас дуугарсан. Ц залгасан байсан. Эхнэр намайг хониндоо явсан гэж бодоод утсаа чанга яригч дээр нь тавиад ярьсан. Тэр үед Ц “Танай нөхрийг алмаар байна. Хулганын хор өгөөд алчихъя” гэхэд эхнэр “Манай хүн юмны амт сайн мэддэг. Яаж өгч болдог юм” гээд утсаа тасалсан. Би тэр дор нь гэрт ороод “Хэн намайг ална гээд байгаа юм” гэхэд эхнэр “Би олон жил ханилчхаад юу гэж тэгдэг юм” гээд намайг татаж үнссэн. Би бичиг үсэг мэдэхгүй, утсаар мессеж бичиж, уншиж чадахгүй. Эхнэрээ өөр хүнтэй харьцаж байсан гэдгийг мэдэх боломжгүй байсан” гэж цагдаад мэдүүлжээ.
Энэ хэрэг Ц-гийн хайхрамжгүй алдаанаас болж илэрчээ. Тэрээр төлөвлөсөн хэргийнхээ талаар тодорхой чааталсан гар утсаа хамаатны хүүхдэдээ өгсөн аж. Утсыг нь авсан хүүхэд уг гар утсыг ухаж байгаад, уг чаатыг олж уншаад эцэг эхдээ хэлжээ. Тэд Б-гийн хамаатнуудад дуулгасан байна.
Энэ тухай гэрч “Манай охин 2023 оны 9-р сард гар утсаа гээчихсэн. Энэ талаараа надад хэлэх үед хамаатан Ц байсан. Ц манай охиныг утсаа гээснийг сонсоод “Надад дэлгэц нь эвдэрчихсэн “Galaxy А21s” гар утас байгаа. Чи дэлгэцийг нь солиулаад ав” гээд өгсөн. Охин дэлгэцийг нь солиулж барьсан. Уг гар утсан дээр Ц-ийн “П” гэх фэйсбүүк чаат хадгалагдчихсан байсан. “Энэ хаяганд “O Ch” гэх фэйсбүүк хэрэглэгчээс хайр сэтгэлийн холбоотой чаат ирж байна” гэж охиныг хэлэхээр нь “Хүний чаат руу битгий ор” гээд өнгөрсөн.
Сүүлд 2024 оны 9-р сарын 24-нд байх. Охин “Ц ахын фэйсбүүк чаатны мэдэгдэл олон байхаар нь харсан чинь “O Ch” фэйсбүүк хэрэглэгчээс “Нөхрийнхөө тариад уксус хийсэн. Ундаанд хулганын хор хийн, найруулж байгаад нөхөртөө уулгасан. Одоо гэрт нэг хулганын хор найруулаад тавьчихсан байгаа” гэсэн чаат ирсэн байна” гэхээр нь би найз болох У-даа “Танай төрсөн дүү Б-ын эхнэр чинь манай дүү Ц-тэй ингэж чааталсан байна” гээд үзүүлсэн. Тухайн үед Б эрүүл чийрэг, ямар нэгэн өвчингүй атлаа гэнэт хамраас нь цус гарч, бие нь муудаад хотод эмчилгээ хийлгэж байсан” гэж цагдаад мэдүүлжээ.
Энэ хэрэгт эхнэр О-д нь Увс аймгийн анхан шатны шүүх 13 жил хорих, нууц амраг Ц-д нь 12 жил хорих ял оноосон юм. Үүнийг тэд хүндэдсэн, Б үхээгүй хэмээн давж заалджээ. Гэсэн ч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс тэдэнд оноосон, хаалттай хорих ангид биечлэн хорих ялыг хэвээр үлдээсэн аж.
Нууц амрагууд үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн, уг хэргийг үйлдсэн. Амрагийнхаа нөхрийг хордуулж алах зорилгоор нууц амраг Ц нь аймгийн төвөөс хулганын шингэн хор, хүнсний зориулалттай уксус авчирч, нууц амраг О-доо өгчээ. Б-ыг хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь нууц амраг нь О-д нөхрийнхөө дусалд уксус хийхийг зөвлөжээ.
Уг нь О, Б хоёр 17 жил хамт амьдарч, 4 хүүхэдтэй болжээ. Нөхөр нь эхнэрээ өөр хүнтэй болсныг 2023 оноос гадарласан байна. Гэсэн ч тайван хүлээж авчээ. Тэр энэ тухай “2023 оны хавар намайг сумын төвөөс ирэхэд, багын найз Ц манайд байсан. Маргааш нь эхнэрээсээ “Чмар учраас Ц намайг байхгүйд ирсэн юм” гэж асуухад “Бид хоёр унтсан. Дахиж тэгэхгүй” гээд өнгөрсөн. Дараа нь би Ц-ээс “Чи эхнэртэй минь унтсан юм уу” гэхэд “Уучлаарай. Ганцхан удаа унтсан” гэсэн. Тэрнээс хойш Ц урьдын адил манайхаар орж гараад явдаг.
Хохирогчийн биед гэмтэл учраагүй, хуулиар хамгаалагдсан эрх ашигт нь бодитой хохирол учраагүй, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хүн алах гэмт хэргийн нийгэмд учруулах аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг УДШ харгалзан, О-д оноосон 13 жил хорих ялыг 10 жил, Ц-т оноосон 12 жил хорих ялыг 9 жил болгосон гэж Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан мэдээллээ.
Бусдыг хордуулан хөнөөхөөр уух зүйлд нь хор хийн, хохирогчид өгсөн ч тухайн хор тэдний тооцоолон төлөвлөснөөр үйлчлээгүй, хүссэн үр дагавар бодит байдал дээр бий болоогүй, хохирогчид хохирол учраагүй. Гэсэн ч бүлэглэж хүн алахаар завдсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж УДШ үзжээ.

