horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Урлагийн үзлэг утгаа алдав

post-img

Орон даяар өрнөсөн багш нарын ажил хаялтын дараа сургуулиуд хэвийн горимоор ажиллаж эхэллээ. Эхний улирлын бие даалтын 7 хоногт болох ёстой байсан урлаг, соёлын арга хэмжээ хойшилж хичээл эхлэхтэй зэрэгцэн сургууль бүр орхисон ажлаа хийхээр төлөвлөв бололтой.

Хүмүүжил төлөвшлийн ажлын гол цөм болсон урлагийн үзлэг сургуулийн хүүхдүүдийн хувьд авьяасаа нээн илрүүлэх, анги хамт олонтойгоо ээнэгшин дасах, бие биенээ харилцан хүндэлж сурах гээд утга агуулгын хувьд уг нь хэрэгтэй ажил.

Гэхдээ урлагийн үзлэг утга агуулгаа гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд үнэлэлт өгөх цаг болжээ. Дунд сургуульд хүүхэд нь сурдаг эцэг, эхчүүдийн шүдний өвчин болсон гэхэд болно. Учир юу гэвээс урлагийн үзлэг үндсэн санаанаасаа гажуудаж, утгаа алдаад удаж байна.

…Ангийн грүппт зар ирээгүй аав ээж байна уу, улс даяар бүр Улаанбаатарт ялангуяа.

-Найрал дуу

-Монгол бүжиг

-Цэнгээнт бүжиг

-Орчин үеийн бүжиг

-Хөгжим

-Ерөнхий найруулагч хөлслөхөд зарцуулах мөнгө хураалтын зар.

Анги нийтдээ 45 сурагчтай гэвэл нэг хүүхдийн 30-80 мянган төгрөг цуглуулна. Энэ нь хөлсөлж авсан багшид 1.0-2.5 сая төгрөг төлөх төлбөр юм.

Угтаа бол хүүхдийн урлагийн үзлэгийг гаднаас өндөр төлбөртэй, мэргэжлийн багш хөлсөлж хийх хэмжээнд аваачиж уралдаан, тэмцэлдээн болгох ёсгүй юм. Хүүхдүүд өөрсдөө бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, концерт найруулах чадвартай нь түүнийгээ хийж, дуулах нь дуулж, бүжих нь бүжиглэг. Охид, хөвгүүдээрээ нийлээд бүжгийн хөдөлгөөнөө давтаж, эрэл хайгуулж хийж, ая дантайгаа тааруулж, үзэж харж сурч гэмээнэ түүх бүтээж, дурсгал үлдээх юм. Гэтэл хүүхдүүдийг нэг том нөхрийн командад оруулж, загнуулж, траума (сэтгэлийн шарх, айдас) өгч, цэрэг шиг нэг зэрэг дуулж, нэг дуугаар хөдлөхийг шаардах нь утгагүй хэрэг. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийг өмнөө суулгачихаад мэргэжлийн бүжигчний хөдөлгөөнийг дагаж дууриахыг шаардах, найрал дуучдын хоолойн чадлыг хүүхдүүдээс нэхэх нь өөрөө хүүхдийн эрхийн ноцтой зөрчил мөн.

Чадахгүй байна, бүжиглэж мэдэхгүй байна, тэгээд багш намайг загналаа гэсэн чадаагүйн мэдрэмжийг бага балчирт нь тэр тусмаа сургуулийн орчинд, бүр хүүхдэд хичээл заах тухай “А”-ч үгүй хэн нэгнээр хийлгэнэ гэдэг бол бүр гэмт хэрэг. Гэтэл улсаараа шахам энэ уралдаанд оролцож, эцэг эхүүд оройлох үүрэг гүйцэтгэн  сайн дураараа хүүхдүүддээ траума олгохоор мөнгө төлөхийг нь яана. Үүнийг дагасан бизнес хүртэл хөгжсөн байна. Нэг хувцас түрээслэхэд хамгийн багадаа 2 цагаар авч явна, 40000 төгрөг төлнө. Ариун цэвэр хангасан талаар яриад ч хэрэггүй, эхний сургууль авчирч өгөөд л дараагийнх нь шууд авч давхина, зарим нь бүр тайзнаас нь шувт татаад аваад явахдаа шахна. Эгээтэй л нүүр хувиргагч хөлслөх нь дутаж байна.  Хамгийн инээдтэй ч бөгөөд эмгэнэлтэй нь Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн урлагийн үзлэгийн бичлэг бүгд адилхан. Яг нэг сургуулийн хүүхдүүд шиг харагдахыг нь яана аа.

Яг энэ нөхцөлд эцэг эхийн өөрөөсөө хумслан барин өгсөн мөнгө хүүхдийнхээ төлөө хийж байгаа үйл огт биш юм.  

Гэтэл хүүхдүүдэд өөрсдийгөө хөгжүүлэх жинхэнэ боломжийг нээж өгвөл тэд хэчнээн гоёор сэтгэх болоо. Гар доорх материал ашиглан формын хувцсаа өнгө алаглуулан гоёж болно.  Хөлд эвтэйхэн хөнгөн чийшиг углаад өөрт байгаа палажаа өмсч, үсэндээ өнгө өнгийн туузаар чимэглэл сүлжин ороож янзалвал бас л дэгжин байх биз. Тэдний гэгээн ертөнц ямархан гоёыг сэдэхийг таашгүй. Харж байгаа эцэг эхчүүдэд ч жинхэнэ сюрприз биз дээ.

Урлагийн үзлэгийн утгыг алдагдуулж уралдаан, тэмцэлдээн болгох ажлыг эцэг эхчүүд өөрсдийн гараар угсарч өгч байна. Багш харин тэднийг өөгшүүлж, агуулгаасаа алсарч, харагдах байдалд хэт автаж, сургалт хүмүүжлийн ажлын мөн чанараа алдагдаад байна.

0/1000