Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс төрд учирсан 721.1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа. Авлигын эсрэг хуулийн 8.1-д заасны дагуу албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн мэдээллийн мөрөөр АТГ хяналт шалгалт хийжээ. Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас 6 тэрбум төгрөг, нийт 23 тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдэд эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлсэн юм байна. Хөдөлмөрийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд нар 2013 онд “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулж, уг 23 тэрбум төгрөгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Оёдлын нэгдсэн холбоонд шилжүүлжээ.
Оёдлын нэгдсэн холбоо 18 аж ахуйн нэгжид уг мөнгийг зээлж, эргүүлэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулжээ. Гэсэн ч 2025 оны 8 дугаар сарын байдлаар уг мөнгөнөөс 7.4 тэрбумыг төлсөн бол 15.6 тэрбум төгрөг төлөөгүй байв. Уг мөнгийг төлүүлэхээр АТГ ажиллаж байна. Оёдлын нэгдсэн холбооны албан тушаалтнууд уг зээлийг олгохдоо тухайн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон эсэх, зээл авсан аж ахуйн нэгжүүдтэй нэгдмэл сонирхолтой эсэх, тэдэнтэй хамааралтай эсэх, хуульд заасан хориглолт, хязгаарлалт зөрчсөн эсэхийг АТГ хянан шалгажээ.
“Эрдсүлж” ХХК-иас 812.3 сая төгрөг гаргуулахаар 2015 онд шүүх шийдвэрлэсэн ч тус компани төлөөгүй аж. Авлигатай тэмцэх газрын шалгалтын дараа тус компани 721.1 сая төгрөгөө барагдуулжээ. Ийн төрд учруулсан их хэмжээний хохирлыг 12 жилийн дараа АТГ нөхөн төлүүллээ.


