Бурхан багшийн эхийнхээ ачийг хариулсан дүйчэн өдөр маргааш тохионо. Энэ нь жилд тохиох дөрвөн дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр” хэмээн бурхны шашинт улс орнууд тэмдэглэж иржээ. Энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах, ариун буян үйлдэн, хилэнц нүглийг тэвчиж, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлэх учиртай. Бурхны орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан, хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг уламжлалтай.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрт гурван сар ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ ертөнцөд залран ирсэн хэмээн Бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Түүнчлэн эл өдөр “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд насны авшиг хайрлана. Энэ нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм.


