Нийслэлийн айл өрх энэ өвлөөс хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэж эхлээд байна. Хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа хагас коксон шахмал түлшний талаар нийгэмд ойлголтын зөрүүтэй асуудал олон байна. Мөн агаарын бохирдлыг бууруулж чадах болов уу гэсэн хүлээлттэй байна. Одоогоор нийслэлд хагас коксон шахмал түлш, сайжруулсан шахмал түлш болон 7-10 хоногийн хугацаанд угааж баяжуулсан мидлинг түлшийг борлуулж байгаа бөгөөд ирэх арванхоёрдугаар сараас 100 хувь хагас коксон шахмал түлшний хэрэглээнд шилжинэ гэдгийг албаныхан мэдээлж байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” бүландаа нийслэлчүүдийн шинэ хэрэглээ буюу хагас коксон шахмал түлш утааг бууруулах зорилгоо биелүүлж чадах уу гэдэг асуудлаар 20 экспертийн байр суурийг хүргэж байна.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:

Арванхоёрдугаар сараас эхлэн хагас коксон түлшийг дангаар нь хэрэглэнэ
-Өнөөдрийн байдлаар иргэд сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлш, угааж баяжуулсан мидлинг гэсэн гурван төрлийн түлш хэрэглэж байна. Арванхоёрдугаар сараас эхлэн хагас коксон түлшийг дангаар нь хэрэглэх бөгөөд энэ үеэс нийслэлийн агаарын бохирдлын судалгааг өнгөрсөн жилтэй харьцуулан гаргаж, олон нийтэд мэдээлнэ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол 5–10 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Уг судалгааг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банктай хамтран хийж байгаа. Мөн 122 мянган айлд ухаалаг угаар мэдрэгч суурилуулж, нэмэлтээр 45 мянган мэдрэгчийг худалдан авах ажил үргэлжилж байна. Угаар илрэхэд мэдээлэл 3–5 секундийн дотор Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд очдог. Гэрээт ажилтнууд тухайн айл руу холбогдож мэдээлэл өгч байна. Хэрэв утсаа аваагүй тохиолдолд хамгийн ойр байгаа ажилтнууд 5–7 минутын дотор очиж тусламж үзүүлж байна. Иргэдийг албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, зөв галлагаа хийж, угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Эрчим хүчний инженер Д.Тэнгис:

Нүүрсний татаасанд өгч буй мөнгөөр монгол гэрийг дулаалж агаарын бохирдлыг шийдэх боломжтой
-Нийслэл хотоос 350 мянган тонн хагас коксжуулсан нүүрсийг 226 тэрбумаар худалдан авах тендер зарласан. Эргүүлээд борлуулахдаа хагас коксыг 25 кг-аар савлаад таван мянган төгрөгөөр зарж байгаа. Эндээс тооцоо хийж үзэхэд нэг кг тутмыг нь ойролцоогоор 70% татаастай зарж байна. 226 тэрбумын 70% нь 158.2 тэрбум болно. Зах зээл дээр жишиг болсон CHIP монгол гэрийн дулаалгын багц гурван сая төгрөгийн үнэтэй байдаг. Тэгэхээр нүүрсэнд татаас болгож өгч буй мөнгөөр ойролцоогоор 52.7 мянган монгол гэрийг дулаалж, тэр хэрээр түлшний хэрэглээг бууруулан, агаарын бохирдлыг үндсээр нь шийдэх боломж байна. Улаанбаатар хотын гэр хороололд ойролцоогоор 200 мянган өрх аж төрдөг бөгөөд тал нь монгол гэрт амьдардаг. Эдгээр гэрүүдийн дулаан алдагдлыг 50 хувь бууруулна гэж үзвэл гэр хорооллоос ялгардаг агаарын бохирдлыг 25 хувь бодитой бууруулах боломжтой харагдаж байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Г.Оюунтунгалаг:

Зуслангийн бүсэд галлагаа хийх гэж байгаа бол хорооноосоо тодорхойлолт авна
-“Энэ жилээс “Хотула” аппликейшн ашиглан түлш борлуулж байна. Тус аппликейшнд 250 мянга гаруй иргэн бүртгэл үүсгээд байна. Энэ нь нэг өрхийн хаяг дээр олон хүн давхар бүртгүүлсэн гэсэн үг юм. “Нэг өрх- Нэг эрх” гэсэн журмын дагуу бид ажилладаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооны Хүн амын мэдээллийн сангийн өрхийн судалгаанд үндэслэн нэг өрхийн бусад гишүүн болон өрхийн бүртгэлд байхгүй иргэдийн картыг хааж байна. Нэг хашаанд хэд хэдэн айл тусдаа галлагаа хийж байгаа мөртлөө нэг өрхийн тэргүүнээр бүртгэл хийлгэсэн тохиолдол гарсан. Хэрэв ийм бол харьяа хороондоо очиж өрхийн мэдээллээ салгуулах хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотод амьдардаггүй бол карт хаагдана. Тиймээс шилжилт хөдөлгөөнөө шалгуулахыг зөвлөе. Байр хаягтай мөртлөө зуслангийн бүсэд галлагаа хийх гэж байгаа бол хорооноосоо тодорхойлолт авна. Тодорхойлолтоо “Тавантолгой түлш”-ийн чат руу илгээж болно. Мөн долоон дүүрэгт манай мэргэжилтнүүд ажиллаж, иргэдэд тулгарч буй асуудлыг шийдэх боломжтой.


