Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхийг шаардаж, 11 дүгээр сарын 13-наас эхэлж ажил хаяна гэдгээ энэ сарын 4-нд мэдээлсэн. Тэд өнөөдөр /2025.11.10/ дахин мэдээлэл хийж, “Эрүүл мэндийнхний цалинг нэмэх асуудлыг Засгийн газар үл тоомсорлож байгаа учир ээлжит бус XIV өргөтгөсөн хурал зарласан” гэдгээ мэдэгдэв. Тэд “Төр төмөр нүүрээ бидэнд харуулж байна. Эрүүл мэндийн салбарынхныг ажил хаяж чадахгүй гэж бодож байх шиг байна. Бидний цалинг 3.5 сая төгрөгт хүргэ. Өнгөрсөн тав дахь өдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг бидэнтэй уулзаж, тодорхой шийдвэр гаргах болов уу гэсэн боловч таван цаг хүлээлгээд ирээгүй. Гэвч УИХ-ын гишүүд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасан. Өөрөөр хэлбэл, олны өмнө цалин нэмэх ёстой гэж ярьж байсан УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаж, бидний тавьсан цалин нэмэх асуудлыг унагаах санал гаргалаа. Нэг үгээр, нүүрэн дээрээ хамт байгаа шүү гэж хэлсэн УИХ-ын гишүүд санал хураахад эсрэг кноп дарж байгааг нэг биш удаа харлаа. УИХ-ын гишүүдэд найдалтгүй юм байна. Ажил хаялтаас гарах сөрөг үр дагаврыг зөв бодлого хэрэгжүүлж чадаагүй УИХ, ЗГ хүлээх ёстой” гэв.
Ажил хаялтад бүх эмнэлэг оролцохоор болсон байна. Нийтдээ 100 гаруй эмнэлгийн 14.689 ажилчин ажил хаялтад нэгдэхээ илэрхийлжээ. Тэдний хэлж буйгаар, энэ тоо цаашдаа нэмэгдэх бололтой.

