horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Эхийн ачийг хариулна гэдэг нь сайн явахыг хэлнэ

post-img

Өнөөдөр Бурхан багш эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр тохиож байгаа билээ.

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр буюу Намрын адаг сарын билгийн тооллын 22-ны өдөр Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар Сүмж-засумын орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сар ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд, 33 тэнгэрийн орноос эргэж Замбуу тивд залран ирсэн хэмээдэг.

Энэ өдрийг тохиолдуулан “Гандантэгчэнлин” хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж “Эцэг эхийн ачийг хариулахуй” сэдвээр айлдвар айлдлаа.  Энэ нь эцэг эхийн ачийг санах, дурсах, хүндэтгэх, ачлах, буян үйлдэх, сэтгэлийн талархал илэрхийлэх зэрэг үнэ цэнтэй, утга учиртай юм. Бид эхээс төрсөн учраас ээжийн ачийг хүндэтгэж, хариулах гэдэг өр нэхэгдээд байгаа гэж хүмүүс буруу ойлгодог. Тийм биш юм аа. Ээжийн ачийг хариулна гэдэг нь үнэтэй зүйл авч өгөх, эсвэл ээжийгээ асарч тойлохыг хэлэхгүй. Харин өөрөө зөв амьдарч, сайн явах, ээжийн сэтгэлд дандаа сайхан мэдээ хүргэж явахыг хэлнэ. Би өөрөө аз жаргалтай, амжилттай байж чадвал тэр нь ээжийнхээ ачийг хариулж байгаа явдал юм.

Аз жаргалыг ангилах юм бол тэр дундаас хамгийн онцгой нь сэтгэлийн аз жаргал байдаг. Гэр бүл, аав ээж, нөхөр, үр хүүхдийнхээ сэтгэлийг яаж аз жаргалтай байлгах вэ гэдэг дээр илүү анхаараарай. Сэтгэл аз жаргалгүй, зовлонтой байхаар бидний гэр бүлийн, хайртай, дотно хэн ч бай зовлонтой болдог. Хүн сэтгэл нь зовохоор илүү зовж байдаг. Тийм учраас сэтгэлийн аз жаргалтай байлгах нь хамгийн чухал юм. Сэтгэлийн аз жаргалтай болгоё гэвэл тэр хүмүүстээ зөв бодол бий болгож өгөх хэрэгтэй. Өөрөө зөв зүйл боддог, түүнийгээ дадал болгож хэвшсэн байх хэрэгтэй.

Хүн сайхан сэтгэлийг, ёс суртахууныг өөртөө бий болгох арга бол бясалгал юм. Юуны төлөө амьдарч байгаа, нийгэмд ямар хувь нэмэр оруулж байгаагаа өглөө, оройдоо 1 минут бод. Эх хүн үр хүүхдэдээ ямар ач тустай байдгийг бод. Энэ нь хүнд өрөвч, энэрэнгүй, бусдын төлөө гэсэн сэтгэлийг төлөвшүүлдэг юм. Эхийгээ хайрлах сэтгэлгүй хүн бусдыг хайрлана гэдэг худлаа. Эхийн ачийг бодох нь үр хойчдоо сайн сайхан, хүнлэг энэрэнгүй байхыг заах суурь болдог юм.

0/1000