УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг өнөөдөр албан тушаалын бялуугаа хүртэж, Монгол Улсын Шадар сайд боллоо. Түүнийг С.Амарсайханы оронд Шадар сайдаар томилох саналаа Ерөнхий сайд Г.Занданшатар 11-р сарын 7-нд УИХ-ын дэд даргад хүргүүлсэн юм.
Парламентад 2 дахь удаагаа ажиллаж буй Х.Ганхуяг өнөөдөр Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хүлээлгэж өгнө. Түүнийг чөлөөлөх асуудлыг Төсвийн байнгын хороо өнөөдөр хэлэлцэж, дараа нь нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.
С.Амарсайхан өөрийг нь огцруулахтай зэрэгцэн, Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Засгийн газрын хуралдаанд 2025.10.29-нд танилцуулсан. Тэртэй тэргүй түүнийг Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж, танхимаасаа гаргах гэж байсан Г.Занданшатар уг хүсэлтийг дуун дээр нь хүлээн авч, ёсоор болгосон юм.
С.Амарсайханы оронд Шадар сайдын албыг авч буй Х.Ганхуяг энэ сарын 10-нд Монгол Улсын 2026 оны төсвийг Төсвийн байнгын хороо хэлэлцэхэд, улаан, ногоон өнгийн лааз бусдадаа харуулж, ямар санал өгөхийг нь зааварласан. Тус байнгын хорооны гишүүд улсын төсөвтэй сайтар танилцаагүй байсан тул энийг нь хасах, тэрийг нь дэмжихийг санал болгосон гэнэ. Гэвч энэ бол УИХ-ын гишүүдэд Засгийн газар чиглэл өгсөн явдал болж таарна. Учир нь Х.Ганхуяг Шадар сайд болохоо мэдэж байсан. Албан ёсоор зарлаагүй л болохоос тэр аль хэдийнэ Шадар сайдаар тодорчихсон.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн санаачилсан бичигт гарын үсэг зурсан 54 гишүүний 1 нь Х.Ганхуяг. Сонирхолтой нь тэр 10 дугаар сарын 17-нд УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал хураахад “Огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал өгсөн юм. Үүн дээрээ нэмж, 2026 оны улсын төсвийг хугацаанд нь багтаан Засгийн газрын санаснаар батлуулж өгч байна. Үүнийхээ шагналыг хүртэн, Шадар сайд боллоо.

