Европ дахь сагсан бөмбөгийн холбоо болон Францын “Чингис хаан” холбооноос хамтран монголчуудын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнийг Франц улсын Ренн хотноо амжилттай зохион байгууллаа.
Энэ тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй найман багийн нийтдээ 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлджээ. Ингээд эмэгтэйчүүдийн 1-р байранд Германы “Нэгүн” баг шалгарсан бол хоёрт Германы “Turbo”, гуравт Швейцарийн “GM Phoenix” багууд тус тус шалгарсан байна.
Харин эрэгтэйчүүдийн төрөлд Шведийн “Од” түрүүлж алтан цомын эзэд болсон бол Ирландын “Dubliners” болон Германы “Brotherhood” багууд удаах байруудыг эзэллээ.
Тэмцээний үнэ цэнэтэй тоглогчдоор “Нэгүн” багийн Г.Номин мөн “Од” багийн О. Маргад нар шалгарсан бол өсөх ирээдүйтэй тамирчдын шагналыг “MBF Berlin” багийн Э.Энхжин, “Од” багийн Г.Алтан-Очир нар хүртсэн байна.
Р.Алдар






