Хэнтий аймгийн Байгаль орчны газар “Хууль бус ан агнуур” сарын аяны хүрээнд ажлын хэсэг томилон, 10 дугаар 22-29-ний хооронд Батноров, Баян-Овоо, Норовлин, Дадал, Баян-Адарга, Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нартай хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар Баян-Овоо сумын иргэн зөвшөөрөлгүйгээр цагаан зээр агнасан зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 150.000 төгрөгөөр торгож, 1.994.000 төгрөгийн нөхөн төлбөр оноов.
Дадал, Биндэр сумын нутгаар урсах Онон, Балж голоос зөвшөөрөлгүйгээр загас барьсан 8 иргэнд 1.8 сая төгрөгөөр торгож, 710.000 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлжээ.

Сири, Ирак, Саудын Араб улсын иргэд Баянхутаг, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт тухайн сумтай отог байгуулах гэрээ хийлгүйгээр идлэг шонхор шувуу барьжээ. Тэднийг нийт 2.850.000 төгрөгөөр торгож, 3.184.600 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлсэн байна.

