“Дархан-Ус cуваг” ХК 2024.05.16-наас “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлж, орон сууцны айлуудын хүйтэн усны тоолуурыг ухаалаг тоолуураар сольж байгаа юм. Уг төслийн хүрээнд 10 мянган айлын хүйтэн усны тоолуурыг ухаалаг тоолуураар солиод байна. Одоо 5000 тоолуур баталгаажуулан, суурилуулахад бэлэн болголоо.
Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар 40 сая евро зээлэн, Дархан хотын инженерийн дэд бүтцийг сайжруулан, удаан ашигласан шугам хоолойг шинэчлэх, усны тоолуурын ухаалаг систем нэвтрүүлэх зорилгоор “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд цэвэр усны нийт 13.3 км уян ширмэн хоолойг шинэчилж, ухаалаг 15 мянган тоолуур тавина.

Хүйтэн усны 15 мянган ухаалаг тоолуурыг мэргэжилтэн Н.Түмэнцэцэг, С.Хангай нар шалган, баталгаажуулжээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр шугам сүлжээний осол гэмтэл буурч, үргүй зардал багасна. Эзгүй айл ус алдсан үед гэрт нь очилгүйгээр алсаас усыг нь хаан, хохирлоос сэргийлнэ.
“Дархан-Ус Суваг” ХК

