horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улс төрийн бүлэглэлүүд Үндсэн хуулийн шүүхүүдийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдож байна

post-img

Испанийн Хаант Улсын Үндсэн хуулийн шүүх, Европын Зөвлөлийн Венецын Комисс хамтран 10 дугаар сарын 28-30-нд Испани улсын Мадрид хотод “Ирээдүй хойч үеийн хүний эрх” сэдвийн дор Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины VI их хурлыг зохион байгууллаа. Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины их хурлын гишүүн 125 улс бий. Үүний 88-ынх нь Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын шүүгчид уг хуралд оролцон, 3 өдрийн турш туршлага хуваалцаж, Үндсэн хуулийн шүүх болон түүнтэй адилтгах байгууллагуудын хараат бус байдал, байгалийн баялаг, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүн төрөлхтний соёлын өвийг хадгалах, шинжлэх ухааны мэдлэг болон шинэ технологид хүртээмжтэй нэвтрэх талаарх салбар хуралдаанаар ирээдүй үеийнхний эрхийг хамгаалахад тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар хэлэлцэв.

Уг хуралд Үндсэн хуулийн шүүхүүд улс төрийн бүлэглэл, эрх бүхий байгууллага болон бусад этгээд хараат бус байдалд нь нөлөөлөхийг оролдож буй тухай танилцуулжээ. Олон нийтийн сүлжээг ашиглах, үзэн ядсан үг хэллэг түгээх, шууд дайрах, шүүгчдийг огцруулах оролдлого (хууль гаргах замаар эсхүл шууд аргаар), олон нийтийн итгэлийг сулруулах чиглэлээр Үндсэн хуулийн шүүгчдийн эсрэг кампанит ажил явуулах зэргээр хараат бус байдалд нь нөлөөлөхөөр оролдож буй аж.

Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн Дэлхий дахины VI их хурлаас Мадридын албан мэдэгдэл гаргалаа. Үүнд:

Үндсэн хуулийн шүүхийн хараат бус байдалд учирч буй аюул занал нь таамаг төдий, эсхүл ганц нэг тохиолдол биш. Улс төрийн оролцоотойгоор шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй удаашруулах, олон нийтийн итгэлийг сулруулах зорилгоор кампанит ажил явуулах, төсөв болон хууль, журмын хязгаарлалтаар дамжуулан Үндсэн хуулийн хяналтыг сулруулах оролдлого хийж байна.

Үндсэн хуулийн шүүх зөвхөн бие даасан, хараат бус байдал нь бүрэн баталгаажсан нөхцөлд л үүргээ төгс гүйцэтгэж чадна. Энэхүү бие даасан, хараат бус байдал нь өөрөө туйлын зорилго бус, харин хууль дээдлэх ёсыг эрхэмлэдэг ардчилсан улсад иргэний үндсэн эрхийг хамгаалах болон төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, Үндсэн хуулийн дээд хүчин чадлыг баталгаажуулах зайлшгүй нөхцөл юм.

Үндсэн хуулийн шүүгчдийн хараат бус байдлыг аливаа хөндлөнгийн оролцоо, дарамтаас үл хамааран хамгаалах ёстой. Энэ талаар тус тусын улсын хуулийн дагуу хамтран ажиллаж, харилцан эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Үндсэн хуулийн шүүх нь ардчилсан ёсны тогтвортой байдал, хөгжил дэвшлийн тулгуур багана байсаар ирсэн. Ардчилал, хүний эрхийг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах аливаа арга хэмжээ, үйлдлийг няцаах нэгдсэн байр суурийг илэрхийлж байна.

Үндсэн хуулийн шүүхийн эсрэг аливаа үйл ажиллагаа нь хууль дээдлэх ёсыг үгүйсгэж, олон нийтийн итгэлийг бууруулдгийг тэмдэглэж байна. Үндсэн хуулийн шүүхийн хүлээн зөвшөөрөгдөх чанар нь Үндсэн хуулиар олгосон мандат, хууль ёсны зарчмыг үндэслэх, маргаан шийдвэрлэх ажиллагааны ил тод байдал болон улс төрийн хувьд тааламжгүй байсан ч Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэр гаргах зориг зэрэгт суурилна.

Үндсэн хуулийн шүүхийн бие даасан байдал нь давуу эрх биш, харин хүн бүхний эрхийн хамгаалалт юм. Хүний эрхийг ямар нэг айдаст автаж, давуу тал олгохгүйгээр хангах баталгаа юм. Энэ нь хараат бус байдлыг хангахад шаардагдах нөөцийг бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хамгаалалтыг бий болгож, институци хоорондын харилцан хүндэтгэлийг эрхэмлэхийг шаардана.

Үндсэн хуулийн шүүх өөрийн шийдвэрээр Үндсэн хуулийг тайлбарлаж, эрх зүйн зарчмуудыг хөгжүүлж, сонгуулийн мөчлөг, улс төрийн хөтөлбөрөөс ангид, урт хугацаанд орших эрх зүйн бат бөх үндсийг бүрдүүлдэг.

0/1000