horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Туул” рестораны барилга, газрын маргааныг 6 сар түдгэлзүүллээ

post-img

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх өнөөдөр (2025.11.11) Хот байгуулалт, хөгжлийн газар, нийслэлийн ИТХ-д холбогдох “Наран трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцлээ. “Наран трейд” ХХК “Туул” рестораны барилгын өмчлөгч аж. Уг барилгын доорх болон ойр орчны 1079 ам метр газрыг тус компани эзэмшдэг. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар 2008.04.23-нд “Туул” рестораны барилгын 0.08 га талбайд зочид буудал барих ЧД/07/08 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгожээ. Гэсэн ч түүнийгээ 2023.09.22-нд “Барилга угсралтын ажил эхлүүлээгүй” гэсэн шалтгаанаар цуцалсан байна.

Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын 2021.12.24-ний 12/35 дугаар тогтоолоор “Туул” рестораны барилгыг Чингэлтэй дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулжээ.

Нийслэлийн ИТХ-ын эдгээр шийдвэрийг “Наран трейд” ХХК эсэргүүцэн, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Анхан шатны шүүх үүний дагуу нийслэлийн ИТХ-ын эдгээр шийдвэрийг цуцалжээ. Харин давж заалдах шатны шүүх “Туул” рестораны барилгыг Чингэлтэй дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулсан шийдвэрийг хүчингүй болгож, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр нь үлдээжээ.

Үүнийг “Наран трейд” ХХК эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ. Улсын дээд шүүх уг гомдлыг өнөөдөр хэлэлцээд, дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт орууллаа.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Дараах соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулна” гэж, 22 дугаар зүйлийн 22.3-т “Энэ хуулийн 22.2-т зааснаас бусад соёлын биет өвийг өмчлөгч, эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн зохих шатны бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлж болно” гэж тус тус заасан.

Гэтэл нэхэмжлэгч соёлын өвд бүртгэсэн үндэслэлийн талаар болон шийдвэр гаргах ажиллагаанд өмчлөгч хуулийн этгээдийг оролцуулсан эсэх талаар маргасан. Энэ тохиолдолд шүүх уг үйл ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Иймд “Туул” рестораны барилгыг түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сар түдгэлзүүллээ. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан актыг мөн шинэ акт дахин гаргах хүртэл 6 сар түдгэлзүүлэв.

0/1000