Завхан аймгийн Тэс голд нутагшиж буй минж олширчээ. Одоо энэ голд Азийн шар минжний 30-35 бүл буюу 250 орчим минж байгааг Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар тогтоожээ. Анх 1974 оны үед Тэс голд 37 минж нутагшуулсан юм байна. 2013 онд МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор, профессор С.Шар, Бүх Оросын Агнуур судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор А.Л.Совельев нарын удирдсан баг Тэс голд ирж, минжийг судалжээ. Минж үүрэндээ 6-8-уулаа бүл болон амьдардаг. 3-4 дүгээр сард нийллэгт орж, 6-7 дугаар сард 1-5, дунджаар 2-3 төл гаргадаг. Судлаачид нийт 14 үүр Тэс гол дагуу илрүүлэн, бүртгэсэн байна.
Азийн шар минж Байгаль, түүний нөөц баялгийг хамгаалах холбооны Улаан дансны ангиллаар олон улсын хэмжээнд анхааралд өртөхөөргүй гэсэн ангилалд багтдаг ч Монголд устаж байгаа зүйл гэсэн ангилалд багтдаг. Тиймээс Монгол Улсын “Улаан ном”-д нэн ховор зүйл хэмээн оруулж, Амьтны тухай хуулиар хамгаалжээ.

