Хүний эрхийн үндэсний комисс, “Камерын хяналт, аюулгүй байдал, халдашгүй, чөлөөт байх эрх” хэлэлцүүлэг боллоо. Камерын хяналтын аюулгүй байдал манай улсад ямар түвшинд байгаа талаар Хүний эрхийн комисс, ХЗДХЯ, төрийн бусад байгууллага санал солицож, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.
ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “ХЭҮК камерын хяналтын нөхцөл байдал, эрхзүйн зохицуулалт, ашиглалт, хэрэглээ, хүний хувийн мэдээллийг хамгаалж байгаа нөхцөлд байдалд хяналт тавьдаг. Энэ хүрээнд хоёр үе шаттай судалгаа хийсэн. Өнөөдрийн хэлэлцүүлэгт ЦЕГ, ЗТГ, үндсэн, дэд төвүүд цахим хөгжлийн байгууллагууд оролцоотой зохион байгуулсан анхны хэлэлцүүлэг юм. Монгол Улс теле камерын хяналтыг хэрэглээнд нэвтрүүлж байгаад анхаарах, эрхзүйн зохицуулалт зэрэг сайжруулах шаардлагатай олон асуудал байгаа. Камер суурилуулах, ашиглахтай холбоотой асуудлыг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар зохицуулж байна. Эрхзүйн зохицуулалт нэг мөр биш байна. Практик дээр энэ нь ажил хийж байгаа хүмүүст төвөгтэй. Нэг талаасаа хүний эрхийн асуудлыг ярьж байна. Нийслэлийн 176 уулзварт суурилуулсан 1606 гаруй камерын 50 орчим хувь нь захиргаа, зохион байгуулалтаас болоод үйл ажиллагааны асуудалтай. Энэ нь аюулгүй байдал, хувийн мэдээллийг эрсдэлд оруулж байгаа юм.
Нийслэлийн ЗДТГ-ын шийдвэрээр Камерын хяналтын дэд төвийн үйл ажиллагааг журамласан хүний эрх зүйн зохицуулалт бий болгосон ч захиргаа, зохион байгуулалтын хувьд тодорхойгүй асуудлууд байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн 27 дүгээр зүйл заасны дагуу Камерын хяналтын журам, “Энд камер бичиж байна” гэсэн тэмдэг, тэмдэглэгээний стандартыг боловсруулж батлах ёстой. Энэ ажил хүлээгдэж байна. ХЭҮК өмнөх төслүүдэд хоёр удаа санал өгсөн. Энэ журмын агуулга, зохицуулалт ямар байх вэ гэдэг нь чухал асуудар. Энэ журмыг ойрын хугацаанд батлахад өнөөдрийн хэлэлцүүлэг үр дүнгээ өгнө гэж бодож байна.
Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийн 23-д тодорхой зохицуулалт бий. Үүнд хүний оролцоогүйгээр хувийн мэдээлэл байнга боловсруулдаг технологи хэрэглээнд нэвтрүүлэхдээ ХЭҮК-ын зөвлөмжийг авч, эрсдэлийг тооцуулж байж, уг үйл ажиллагааг явуулна гэсэн байдаг. Камертай холбоотойгоор ХЭҮК-ын зөвлөмжийг авахаар хуульд заасан материалыг боловсруулж, ирүүлээгүй байгаа. Манай улсын хувьд теле камерын 90 орчим хувийг БНХАУ-аас оруулж ирж байна” гэж танилцуулав.

