Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах” журамд заасны дагуу нэр дэвшигчидтэй ажлын хэсгийн гишүүд ярилцлага хийх зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлсэн 24 нэр дэвшигч тус бүртэй ярилцлагыг хийлээ. Ажлын хэсгийн ярилцлага нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэх хангалттай мэдлэг, ёс зүй, ур чадвар, туршлагатай гэдгээ танилцуулах болон өөрийнх нь эсрэг аливаа сөрөг мэдээлэл байвал түүний талаар үнэн зөв мэдээлэл өгөх боломж олгодгоороо онцлог юм. Ташрамд дурдахад ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалжээ.


