horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хадгаламж, зээлийн хоршоонд зээлийн хүү төлөөгүйг нь шүүх зөвтгөлөө

post-img

“Д” гэх хадгаламж, зээлийн хоршоонд иргэн Баатар 2021.07.21-нд гишүүнээр элсэж, тухайн өдрөө орон сууцаа барьцаалан, тус хоршооноос 50 сая төгрөг 24 сарын хугацаатай зээлжээ. Гэвч тэр зээлийн хүү төлөөгүй аж. Баатар зээлийн гэрээ байгуулж, зээл авснаа хүлээн зөвшөөрсөн ч уг зээлийн гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэмээн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс татгалзсан байна. Иймд уг хадгаламж, зээлийн хоршоо зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Баатараас гаргуулах, барьцаалсан байрыг нь зарж, төлбөрийг нь барагдуулахаар шүүхэд ханджээ.

Баатар 2021.07.21-нд тус хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, гишүүний хураамж төлжээ. Тус хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2021.07.24-ний тогтоолоор Баатарыг хоршооны гишүүнээр элсүүлсэн байна. Талууд 2021.07.21-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, түүнийгээ улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ингээд түүнд зээл олгосон аж.

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 21.3-т “Тухайн хадгаламж, зээлийн хоршоо гишүүнээр элсүүлэх асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүлэгчдийн хурлаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заажээ. Гэтэл “Д” хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл хуралдаагүй, хоршооны гишүүнээр Баатарыг элсүүлэх асуудлыг уг зөвлөл шийдвэрлээгүй байна. Үүнийг “Д” хоршооны Зээлийн хороо зөрчин, 2021.07.21-нд Баатарт зээл олгон, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан нь Хоршооны тухай хуулийн 17.1-той нийцсэнгүй.

Хадгаламж зээлийн хоршоо бол гишүүдийнхээ эдийн засаг, нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ашгийн төлөө бус хуулийн этгээд. Гэтэл гишүүнийг хэлбэр төдий бүртгэж, зээл олгох нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж шүүх үзлээ. Тиймээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн, Баатараас нэхэмжилсэн “Д” хоршооны нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал мэдээллээ.

0/1000