Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Анх гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аяныг санаачилж байсан. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна. Мөн ААН-үүд байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орж осол гарах тохиолдол байдаг. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэдэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж гэмтээх тохиолдол нэлээдгүй гардаг. Иймээс сургууль орчимд гэлтгүй хороолол, хотхон, ААН байгууллагууд ч шар дарцаг ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150–200 метрийн цаанаас тодорч харагддаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч уулзвар, гарц руу дөхөхөд хурдаа сааруулах, хүүхэд багачууд, эцэг эхчүүд шар дарцаг өргөж ашиглахыг ТЦА-аас уриалж байна” гэв.



